Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.  Тус тэмцээнд Ази-Номхон далайн бүсийн /Австрали, Гуам зэрэг/ 40 улсын 273 /эрэгтэй 174, эмэгтэй 99/ жүдоч хүч бяр, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.

Харин манай улсаас уг тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй найман жүдоч барилдаж байгаа юм. Өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай бөхчүүд хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн ажмилт үзүүлэв. 73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар шигшээ барилдаанд дэлхийн аварга Ан Чан Римыг цэвэр ялж аваргалсан бол 81 кг-ын жинд ОУХМ О.Ууганбаатар алтын төлөө Узбекийн Ш.Болтабоевыг ялжээ. 60, 66 кг-д Э.Ариунболд, Ё.Басхүү нар хүрэл хүртсэн байна.

Тэгвэл Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд залуу тамирчин С.Лхагвасүрэн узбекийн бөхөд хожигдож мөнгөн медаль хүртлээ. Манай бөх хагас шигшээд Японы Ирина Цацакаваг ялсан юм. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд залуу ОУХМ Б.Ганхайч аваргын төлөө БНХАУ Ян Жаншиад хожигдож, мөнгөн медалийн эзэн болов.