Олон хоногийн турш ОБЕГ, НЗДТГ-аас “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн талаар мэдээлэл түгээсэн билээ. 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургуулилалт гэдгээрээ онцлог гэдгийг онцлоод байсан.

Энэ ч утгаараа өнөөдөр иргэд их л идэвхитэй "дохио" дуугарахтай зэрэгцэн гэрээсээ гарч аюулгүй талбайд цугласан юм. Цуглах талбайн талаар мэдээлэл бүхий цаас очоогүй иргэд нь орон байрнаасаа гарч, гадаа зогсож байгаад орж байгаа байдал ажиглагдав. 

Харин гамшгаас хамгаалах сургуулилалтад оролцох хуудсыг хүлээн авсан иргэд нь тухайн заасан цуглах талбайд өглөө 08:00 цагт цугласан юм. Нийтдээ нийслэлд 111 цуглах талбайн самбар байршуулсан байршил байгаа. БГД-ийн 5-р хорооны иргэн М иргэний үүргээ биелүүлэн цуглах талбайд очоод гамшиг тохиолдсон үед хэрхэн өөрийнхөө болоод бусдын амь насыг хамгаалах, хэрхэн бэлтгэх талаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, үзүүлэн сургалтад оролцоно гэсэн бодон очсон гэв. 

 

Гэвч тухайн цуглах талбайд нь цугласан хүмүүс ямар ч зохион байгуулалтгүй байсан бөгөөд бушуухан бүртгэлийн мэдээллээ хийлгээд явахын түүс болцгоож хаана, юу болж байгаа нь мэдэгдэхгүй байжээ. Онцгой байдлаас албаны хүн байсан болохоор зөвлөгөө, мэдээлэл өгөхийг нь хүлээн дуустал нь байсан байна. Харин тухайн албаны хүн "08:00 цагт газар хөдөллөө гэж бодоод бид энд цугласан. Ингээд 30-40 минутын дараа тайвшираад ахиж газар хөдлөлт явагдах нь уу, давтамж нь хэр байна гэдгээс шалтгаалж аюулгүйн талбайдаа байж байх хэрэгтэй" хэмээн хэлжээ. Гэсэн ч түүний ярьж байгааг зарим иргэд үл ойшоож бүртгэлийн хуудсан дээрээ тамгаа даруулаад л шууд буцаж явж байсан аж. Уг хуудас дээр гамшгийн сургуулилалтад оролцоогүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ.

 

 

Зарим иргэд гамшгийн үед гэрээсээ юу, юу бэлдэж авч гарах талаар ч мэдээгүй шууд явж очсон нь харагдаж байлаа. Уг нь зохион байгуулалтаа өндөржүүлээд иргэддээ чамгүй сайн зөвлөгөө өгөөд сургуулилалтаа мэргэжлийн дээд цэгт нь тулгаад хийсэн бол...