Иргэд  картаар төлбөр төлөхдөө үнийн дүнг зөв оруулсан эсэхийг  хянаагүй болон хуулийн мэдлэггүй хайнга байдлаасаа болж гэмт хэрэгтэн болсон тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс сэрэмжлүүлэг болгох зорилгоор уг хэргийн туай хүргэж байна.

Монгол улсын иргэн Г.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Материал хаус дэлгүүрийн ..  тоот лангууг ажлуулдаг иргэн Т.Гэрэлмаагаас 1.100.000 төгрөгийн бараа материал худалдан авч төлбөрийг банкны картаар төлөхөөр өгсөн. Гэвч  иргэн Т.Гэрэлмаа нь пос машин уншуулахдаа 1.100.000 төгрөг гэж бичих гэж байгаад сүүлийн 3 оронг дутуу бичиж, 1.100 төгрөг уншуулах замаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж, улмаар Г.Б нь иргэн Т.Гэрэлмаа руу шилжүүлэх ёстой байсан үлдэгдэл 1.098.900 төгрөгийг Т.Гэрэлмаагийн барааны үлдэгдэл төлбөр гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байна.

Үйлдсэн хэргийнхээ талаар Г.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр би барилгын материал авахаар 100 айл барилгын материалын “Материал хаус” дэлгүүрээс бараа авахаар болоод 84 тоот лангуунаас 1.100.000 төгрөгийн бараа авсан. Тэгээд би авах бараагаа сонгосны дараа картаар төлбөрөө төлөхөөр болсон. Би картаа нөгөө хүнд өгсөн. Тэгтэл худалдагч хүүхэн миний картыг аваад пос машинд уншуулсан. Тэгээд тэр “өөрийнх нь пос машин болохгүй байна” гэж хэлээд миний картыг өөр пос машинд уншуулахаар аваад явсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд “болчихлоо” гэж хэлээд авчирч өгсөн. Тухайн үед би мэдээгүй гараад явсан. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь над руу нөгөө хүүхэн миний гар утас руу залгаад “би мөнгөө буруу уншуулж авсан байна” гэж надад хэлсэн. Тухайн үед би “хөдөө явж байна очиж шалгуулж байгаад эргээд хэлье” гэж хэлсэн. Удаагүй 2-3 хоногийн дараа нөгөө хүүхэн над руу ярихаар нь би “тийм байна мөнгөө дутуу авсан байна. Одоохондоо мөнгийг чинь өгөх боломжгүй байна явцын дунд тэгж байгаад өгнө” гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн байна.

Болсон хэрэг явдлын талаар Г.Гэрэлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Материал хаус” дэлгүүрийн 85 тоот лангууг түрээслэн барилгын материал худалдан борлуулдаг юм. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ажлаа хийгээд лангуун дээрээ зогсож байхад гаднаас 35-40 орчим насны эрэгтэй хүн орж ирсэн. Нийт 1.100.000 төгрөгийн бараа, материал авч тооцоогоо бэлэн мөнгө байхгүй, манай Хаан банкны пост машинд Төрийн банкны карт уншуулахаар надад картаа өгсөн. Би картыг нь авч уншуулахдаа миний ойрын хараа маш муу учир орон андуурч 000 дутуу хийсний улмаас 1.100 төгрөг уншуулан 1.098.900 төгрөг дутуу, авалгүй явуулсан байсан. Энэ тухайгаа орой тооцоогоо хийж байхдаа мэдэж Ганбаатарын Батмөнх гэгч 88303032 дугаар руу залгаж болсон зүйлийн талаар учирлан хэлж, үлдэгдэл мөнгөө шилжүүлэхийг хүсэхэд “за тэгсэн байна хэд хоногоос шилжүүлье” гэж тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл мессеж бичихээр “чиний буруу, өгөхгүй, цагдаа, шүүхээрээ яваад олж аваарай” гэх зэргээр доромжилж өгөхгүй байгаа. Би мөнгөө олж авмаар байна. Маш их гомдолтой байна. Мэдсээр байж надад мөнгөө өгчихгүй намайг сохор минь юугаа харж байсан юм бэ? чиний буруу биз дээ, хандах газарт нь хандаад мөнгөө олж авахыг чинь харна гэж хэл амаар доромжилсон. Гомдолтой байна..." гэжээ.  

Өөрөөр хэлбэл мөнгө дутуу уншуулсан гэдэг нь “Хаан” банкны депозит дансны хуулга, эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар  Г.Б-ын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгч Г.Бийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн юм.

Улмаар шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл таны картаар мөнгө дутуу уншуулсан бол заавал гүйцээж дахин уншуулах ёстой аж.  Үгүй бол иргэн та хуулийн дагуу хариуцлага хүлээх болно гэдгийг анхаарна уу.