Өнөөдөр өглөө буюу дөрөвдүгээр сарын 26-ний 7 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох бидний хэлж заншсанаар 100 айл орчимд хүн буудсан хэрэг гарлаа гэсэн мэдээлэл ирлээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "100 айл орчимд хүн нас барлаа гэх дуудлага мэдээлэл Шуурхай удирдлагын төвд ирсэн. Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад аваад, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Харин нас барсан шалтгааныг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа" гэсэн юм.

Зарим эх сурвалжийн мэдээлнээр 100 айлын автобусны буудал дээр нэгэн этгээд буу гарган бусдын амин насанд хүрсэн аж. Буудуулсан хохирогч 40 орчим насны эрэгтэй хүн байсан бөгөөд тархин тус газар нь буудсаны улмаас газар дээрээ амиа алдсан гэх мэдээлэл одоогоор байгаа юм. Хэрэг үйлдсэн гэх гэмт этгээд хэргийн газраас оргон зугтаасан учир түүнийг эрэн хайж байгаа аж. Түүнчлэн тухайн иргэн нь өөрийгөө буудсан байж болзошгүй гэсэн таамаг ч мөн дэвшүүлж байгаа юм.

Цагдаагийн албаны мэдээлснээр, 2019 оны 04-р сарын 26-ний өдрийн 06:15 Сүхбаатар Дүүрэг 11-р хороо -100 айлын автобусны буудлын орчим Толгойноос нь цус гарсан хүн эрэгтэй хэвтэж байна гэсэн дуудлагын дагуу хэргийн газарт жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийн ажиллаж байна. Одоогоор хэргийн газрын үзлэг дуусаагүй байна.