Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын хоорондын туршлага судлах дөрөв дэх удаагийн семинар болж байна 2019 оны 04 сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх чадавхыг сайжруулах чиглэлээр 2017 оноос эхлэн Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Швейцарын парламентын Тамгын газартай хамтран “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийж байна. Үнэлгээний дүнг УИХ-ын холбогдох байнгын хороонд танилцуулж, хуулийг илүү боловсронгуй болгох бодлогын арга хэмжээ авах юм. Цаашид Монгол Улсад хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд түүний хэрэгжилтийг тооцох, үр дүнд үнэлгээ хийх аргачлалыг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллана. Хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын туршлага судлах 4 дэх удаагийн семинар Улаанбаатар хотноо 2019 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 03-ны өдрүүдэд явагдана. Семинарт УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт, Швейцарын парламентын Тамгын газрын Үнэлгээний албаны дэд дарга Феликс Шребел болон тус улсын парламентын Тамгын газар, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд оролцож байна.