2017 оны 11 сарын 30-нд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар маргалдсан билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: "Надаас хууль бус зүйл битгий шаардаарай гэж та Ерөнхий сайд болохдоо хэлж байсан. Ерөнхий сайдын хувьд та ЖДҮ-чин сайд нараасаа салаач ээ. Хуулийн хэрэгжилтийг та яагаад хангахгүй байна вэ. 30 гэр бүл гэж яг хэн юм бэ? Яг одоо би нэрсийг нь сонсмоор байна. Би үүнд орж байгаа юу." гэхэд нь

Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх: "Тэр 30 гэр бүлийн гишүүн нь та өөрөө мөн. Яагаад гэдгийг нь ард түмнээс асуу. “МАК” компани 36 лиценз эзэмшдэг юм байна лээ. Энэ “Цагаан суварга” бол танай гэр бүлийн өмч биш, Монголын ард түмний хөрөнгө. Ганцхан айл 36 лиценз эзэмшихгүй ээ. Төрийн эрх ард түмний гарт байгаа. ЖДҮХС-тай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд битгий манай сайд нараас хууль бус зүйл шаардаарай. Авсан Цагаансуваргын лицензээ ард түмэндээ буцаагаад өгчих. Ард түмний өмч хөрөнгийг буцааж өгөөрэй." гэж хариулсан юм.

Үүнээс хойш мөн хэд хэдэн удаагийн албан ёсны арга хэмжээн дээр Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх "Цагаан суваргын ордыг төрд буцааж авна" хэмээж байсан билээ.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд 2019 оны 3 сарын 7-нд сэтгүүлчдийн асуултад хариулах үедээ: "ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэр нууц байдаг учраас би дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ стратегийн чухал орд газруудыг 100 хувь төрийн мэдэлд авах, Сайншандын үйлдвэр, төмөр зам барих ажлыг түргэвчлүүлэх асуудлууд хэлэлцсэн. 

 

ҮАБЗ-ийн хурал дээр аливаа орд бол улсын өмч гэдэг шийдэлд хүрсэн. Номтойбаяр Цагаансуварга дээр уурхай бариад хөрөнгө оруулалт хийчихсэн гээд байгаа. Орд улсынх, уурхай Номтойбаярынх. Тиймээс улс баялагаа авахын тулд Номтойбаяртай баялгийг маань гаргаад өг. Төлбөрийг нь төр төлнө гэх агуулгатай гэрээ байгуулна. Түүнээс биш төр Номтойбаярын хөрөнгө оруулалтыг төлөхгүй."

гэсэн юм.

Үүнээс хойш хэсэг хугацаанд хүлээлтийн байдалтай байсан "МАК" компани Цагаан суваргын төслөө идэвхтэй үргэлжлүүлж эхэлсэн байна.

Саяхан Бээжин хотноо болж өнгөрсөн “Бүс ба Зам” Дээд хэмжээний уулзалтын үеэр “Жиансу Хенгюан Интернэшнл Инженеринг” компанийн дарга Шү Хуйлонг, “Монголын Алт” (МАК) ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Цагаан Суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Галсангийн Цогт нар Цагаан Суваргын зэс-молибденийн үйлдвэрийн төслийн санхүүжилт шийдэгдсэнээс хойш 26 сар буюу 2021 оны 7-р сарын 1-ний дотор үйлдвэрийн туршилтын залгалтыг хийх нөхцөлтэй гүйцэтгэлийн Ерөнхий Гэрээнд гарын үсэг зуржээ.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монголын Алт буюу  "МАК" компаний ТУЗ-ийн дарга Б.Нямтайшир эрх баригчидтай ойлголцож эхэлсэн тул ажлаа итгэлтэй үргэлжлүүлж эхэлжээ.

Цагаан Суваргын үйлдвэр нь Монгол улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой бөгөөд хүчин чадлын хувьд Оюу толгой, Эрдэнэтийн дараах 3 дахь том өнгөт металл боловсруулах үйлдвэр болох юм.

Э.Мягмар

sonin.mn