ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Хөгжлийн банкны шалгалтын асуудал юу болсон бэ?

-Хөгжлийн банкны асуудал шийдэгдэж байгаа. Удахгүй хэвлэлийнхэнд мэдээллэх байх. Тус банканд байгаа “Чингис”, “Самурай” бондтой холбоотой алдаа завхрал их бий нь шалгалтаар гарсан. Ер нь хууль хяналтын байгууллагатай хамт нэг систем болж хувааж иддэг жишиг сүүлийн 10 орчим жил тогтсон.

Эдгээр хүмүүсийг барьж шоронд хийх хэрэгтэй.

Ингэж байж л дараа дараачийн хүмүүс халширна. Толгойг нь илээд, соён гэгээрүүлснээр авлигаас сална гэж байхгүй. Өнөөдөр АТГ-ын удирдлагууд өөрчлөгдлөө. Төрийн гурван өндөрлөг өөрсдийгөө “шүдгүй арслан” гэж хэлэх ямар ч эрхгүй. Зарим гишүүд шалгуулъя, хууль хяналтын байгууллагад нөлөөлөхгүй, аливаа асуудлыг манайх, танайх гэхгүйгээр хэлэлцье гэж сайхан сайхан юм ярьж байна. Үүнийг нь л харж л байя.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр төрийн гурван өндөрлөг нь хоорондоо үг ярьж чадахгүй, бичгээр харьцаж байсан түүх бий. Бүр Аюулгүй байдлыг зөвлөлийн өрөөнд шүү дээ.

-Их тэнгэрийн аманд Байгалийн түүхийн музейг барих шийдвэр гаргасан. Газар нь олдох юм уу?

-АСЕМ-аар далимдуулж, авлигачид нийлж газрыг нь авсан байна лээ. Шалгаад үзээрэй. Ер нь олон газрыг авсан байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын барилгыг авчихсан. Мөн Улсын драмын театрын газар, олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн урд хэсгийн бүх газар, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар хүртэл байхгүй. Их тэнгэрийн аманд зуучлалын төв барихаар газар авсан байна. Үүнийг цуцалж, оронд нь Байгалийн түүхийн музейг барих шийдвэр гаргасан. Харин М.Батзориг шүүгч яаж шийдэхийг харъя гэж бодож байна. Дахин бүлэглэлийнхээ талд үйлчлэх нь уу, эсвэл нийтийн эрх ашгийн тулд үйлчлэх нь үү.

Төрийн ордоны газар ч гэсэн бусдын өмчлөлд очсон байж магадгүй.

-Их тэнгэрийн аманд хэдий хэр хэмжээний газрыг үйлчилгээ эрхлүүлэхээр олгосон байна вэ?

-Тав орчим га газар. Шаардлагатай мэдээллийг та бүхэнд гаргаж өгнө. Их тэнгэрт газар олгож болохгүй шүү дээ.

-Байгалийн түүхийн музейны хуучин газрыг яах вэ. Дуудлага худалдаагаар зарах юм уу?

-Яаж шийдэгдэхийг мэдэхгүй байна. Ё.Баатарчилэг сайд тайлбар өгөх байх.  

-Стандарт банканд төлсөн 40 сая ам.доллар дээр нэмээд 37 тэрбум төгрөгийг нэг компанид өгсөн талаар Б.Пүрэвдорж гишүүн ярьсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-Үүнийг Шадар сайдаас тодруулж асуувал зүйтэй.

-Ш.Батхүүгийн алга болсон хөрөнгө хэдхэн хүний гарт орсон гэж та хэлсэн. Тэр нь ямар хүмүүс юм бэ?

-Хууль хяналтын байгууллагад шинэ хүмүүс томилогдон ажиллаж байна. Энэ хүмүүс дарга нартай тохиролцож, томилогдоогүй гэдэгт нь найдаж байна. Энэ хүмүүс ажлаа хийж чадахгүй бол Монгол Улс цаашид парламентат төр тогтох эсэх амаргүй нөхцөл байдалд орно. Учир нь судалгааны дүн ингэж гарч байна. Тиймээс одоо ажлаа хийх ёстой. Ер нь яахаараа Ш.Батхүү Эрдэнэтийн 49 хувийг барьцаанд тавьчихдаг юм бэ. Тухайн үед ажиллаж байсан дарга, Ерөнхий сайд нар хариуцлага хүлээх ёстой. Мөн “Жаст”-ын Ш.Батхүү 40 сая долларыг яаралтай төлөх хэрэгтэй байна.  

Б.Лхам

www.24tsag.mn