Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, “Гацуурт” групп-ын захирал Л.Чинбатын ах, МУТМ Уяач Л.Батмөнх анх Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд газар тариалан эрхэлнэ хэмээн газар авчээ.

Гэвч тэрбээр тус газрынхаа зориулалтыг өөрчилж, өөрийн хувийн эдлэн, морины жүчээ, малын бэлчээрээ болгочихжээ. Тэгээд зогсоогүй Тод манлай цол, том бизнесийнхээ нэр сүрээр далайлгаж Сүхбаатарын талд дур мэдэн газар өрөмдөж, худаг гаргаж эхэлсэн байна. Уг нь тухайн орон нутагт худаг гаргах гэж байгаа бол багийн ИНХ-аар хэлэлцүүлж зөвшөөрүүлж, Сумын Засаг дарга, аймгийн Байгаль орчны газраас тусгайлан зөвшөөрөл авч хийх ажил аж.

Гэтэл “Гацуурт”-ын Л.Чинбатын ах Л.Батмөнх гэгч тэгэлгүй дур мэдэн газар тариаландаа ашиглах болон мал ахуйгаа услах худаг гаргаж иржээ. Түүнийг тийнхүү хоёр дахь худгаа гаргахаар газар өрөмдөж байхад нь Сүхбаатар аймгийн зарим удирдлагуудаар ахлуулсан ажлын хэсгийнхэн таарч таслан зогсоожээ.

Түүнчлэн усгүй талд гаргасан худгаа Л.Батмөнх манлай ганцаараа ашиглах гэж ойр тойрныхоо малыг ойртуулдаггүй гэнэ. Мөн тус орчимд олон жил нутагласан малчдын малыг хөөж туудаг талаар нутгийн иргэд хэлж байна.

Ийнхүү Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын отрын бүс нутагт эзэмшиж буй газраа зориулалтын бусаар ашиглаж байсан Тод манлай уяач Л.Батмөнхөд Сүхбаатар аймгийн удирдлагуудаар ахлуулсан “Отрын бүс нутаг чөлөөлөх ажлын хэсэг” сануулга өгч, эзэмшиж буй газраа зориулалтынх нь дагуу ашиглах, бусад аж, ахуйгаа татахыг үүрэг болгожээ. Гэвч тод манлай уяач Л.Батмөнх “Би Говь-Алтайн хүн. Монголын хаана ч амьдрах эрхтэй” хэмээн зөвхөн өөрийн жижигхэн эрх ашгийг ярьж бусдын эрхийг зөрчиж эсэргүүцсээр байгаа нь сүхбаатарчуудад тийм ч таатай санагдахгүй байгаа бололтой.