Өнгөрсөн сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах Мандала  хотхоны орон сууцны 13 давхрын цонхноос 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, 13 давхарын цонхноос эмэгтэй хүн уначихлаа гэх хэргийн дуудлагын дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн  шөнийн 01.25 цагт хэргийн газарт очин ажиллаж, талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүлээлгэн өгсөн.  Тухайн хэрэг гарах үед талийгаачийн найз залуу О.Б хамт байсан бөгөөд талийгаачийг хөл алдаж цонхноос унасан, амиа хорлосон мэтээр хэргийг тайлбарлан мэдүүлэг өгсөн хэмээн хэвлэлээр мэдээлж байсан билээ.

Тэгвэл энэ сарын буюу тавдугаар сарын 3-ны өдөр гарсан шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан болохыг тогтоосон ба тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас “шалгаж байна” гэхээс өөр мэдээлэл өгөхгүй байгаа юм.

Харин хохирогч бүсгүйн эгч С.Т энэ хэргийн талаар хэвлэлд утсаар тодруулга өгчээ. Түүний хэлснээр, О.Б-ыг өчигдөр БЗД-ийн цагдаагаас баривчилж саатуулсан. Миний дүүг хөнөөсөн нь тодорхой болчихсон болоод хорьсон гэж ойлгож байгаа. Хоригдсонд нь ч баяртай байна. Яагаад гэвэл талийгаачийнхаа биеийг нь харахад олон тооны хөхөрсөн зулгарсан гэмтлүүд байсан. Ил харагдаж байсан гэмтэл нь өндрөөс унахад үүсэх гэмтлүүд биш байсан. Хүзүү, хөх, тохой, гуя, ташаан толгойд нь хөхрөөд зулгарчихсан байсан. Миний харж байгаагаар миний дүүг хөнөөхөөсөө өмнө зодсон гэж ойлгож байгаа. Маш их гомдолтой байна хэмээн ярьжээ.

Үүнээс гадна энэ хэрэг дээр Г.Батбаяр өмгөөлөгчийг авч өмгөөлүүлж байгаагаа хэлсэн байна.