Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа “Төрийн сүлдэндээ залсан монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулахгүй” гэж хэлээд амьд адуу хилээр гаргахыг хориглосон.

Гол учир нь Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор Хятад руу амьд адуу гаргаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсанд манай Шадар тэр дор нь өлгөж аван “Төрийн сүлдэндээ залсан адуугаа...” гээд шүдээ зууж байгаад мэдэгдэл хийж байсан. Адууг амьдаар нь тамлаж, Хятадад аваачаад нүдийг нь сохолдог гэнэ гээд цахим ертөнцийнхөн уйлан дуулан бичих үед Ерөнхий сайд маань жигтэйхэн адуунд хайртай хүн болж эвий халай гэсэн дээрх мэдэгдлийг хийсэн юм. Тэгээд тухайн үеийн Хөдөө аж ахуйн сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарыг дуудаж үүрэг өгөөд адууг амьдаар нь хилээр гаргахыг тас хориглон ард түмний баатар болсон л доо. Яг энэ үед Ховдын Булганы Ярантын боомтоор хоёр мянга гаруй адуу гарах тухай мэдээлэл мөн Хүрэлсүхийн чихэнд хүрсэн байна.

Ховдын Засаг даргыг дуудаж уулзан “Намайг Шадар сайд байх хугацаанд ганц ч амьд адуу хилээр гарах ёсгүй. Цаашид ч гаргахгүй байхыг би хичээнэ. Малыг амьдаар нь хилээр гаргах Монгол төрийн бодлого биш” гэж гөлөлзүүлэн загнасан. Яахаа мэдэхээ байсан Ховдын засаг “Хүйтрээд өнөө олон адуу үхэж эхэлж байна. Уул нь хөлөөрөө л гарах юм байгаа” гэж Бичигтийн боомт шиг ачаа тэвшинд ачигдаж гарахгүй гэж хэлээд ч нэмэр болоогүй. “Булган сумын Засаг дарга гэж тэр нөхөрт хариуцлага тооцно шүү. Шадар сайд ийм шийдвэр гаргачихаад байхад сумын засаг тэс хөндлөн юм яриад явж байдаг” гэж давхар омогдсон. Хүрэлсүхийн уг шийдвэрийн дараа Засгийн газраас “Жагсаалт журам шинэчлэн батлах тухай” тогтоол гаргаж, малын гаралтай боловсруулаагүй түүхий эд, арьс ширийг хилээр гаргахыг хориглосон. Үндсэндээ Монголын төр амьд адуу байтугай адсагыг нь ч гаргахгүй байна. “Эмээлт” түүхий эдийн захын хашаануудад хоёр гурван давхар байшинтай чацуу хэмжээтэй өмхийрсөн адууны шир овоолоостой байгаа. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд нэг ч удаа адууны шир хилээр гаргаагүй учир малчдаас 10-15 мянган төгрөгөөр худалдаж авсан 6000 гаруй адууны шир хог болж өмхийрөн өтөндөө баригдаад хэвтэж байна. Барагцаагаар 14 орчим тэрбум төгрөгийг адууны өмхий шир болгочихсон түүхий эд ханган нийлүүлэгч компанийнхан, арьс ширний ченжүүд амаа барьж, гангинан гаслалдаж Монголын төрийг зүхэж сууна.

“Монголд адууны ширээр бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр алга. Угаах хүчин чадалтай боловсрууллах үйлдвэргүй мөртлөө адууны ширийг боловсруулж, угааж гаргана гэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь төрийн ямар ч бодлого төлөвлөлтгүй шийдвэр. Урьдчилан сануулга хугацаа өгөлгүй төрөөс гэнэтхэн ингэж арьс ширийг түүхийгээр экспортлохыг хориглосон явдал биднийг олон сая төгрөгийн алдагдалд хүргэж, эдийн засгийн маш хүнд байдалд орууллаа. Адуу нь битүү туурайтай амьтан, өвчингүй гэдэг утгаар арьсыг нь угаахгүйгээр хил гаргадаг байсан. Бусдад нь арьс нэхийг тодорхой хэмжээгээр угааж цэвэрлэж гаргадаг. Ядаж одоо байгаа адууны арьсыг нэг удаа ч болов Хятад руу экспортолчихмоор байна” гэж түүхий эд ханган нийлүүлэгч “Их уул” компанийн захирал Н.Ганхуяг хэлж байсан. “Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арьс, шир боловсруулах үйлдвэр сард бүх хүчин чадлаараа ажиллахад таван мянга гаруй шир боловсруулах хүчин чадалтай. Жилдээ 50-70 мянган ширхэг арьс, шир боловсруулна гэсэн үг. Тэгсэн жилдээ 240 гаруй мянган ширхэг адууны шир ченжүүдийн гар дээр хураагддаг. Өөрөөр хэлбэл, 200 орчим мянган адууны шир хог дээр хаягдана гэж ойлгож болно. Бид арьс, шир хилээр гаргахгүй болохоор боловсруулах үйлдвэрүүдийг шахдаг. Та нар хүчин чадлаа нэмэгдүүлээд арьс, ширээ хэдэн мянгаар нь боловсруул. Ажлаа хий гэж хэлдэг. Тэд өөдөөс Монголд хэдэн мянгаар нь боловсрууллаа гэхэд худалдан авалт хийх, борлуулах зах зээл алга. Бид та нараас болоод ашиггүй ажиллах болж байна уу. Одоохондоо боловсруулсан арьс, ширээр цүнх, гутал хийж байна шүү дээ гэдэг. Үүнээс гадна нэмүү өртөг шингээх гэж бөөн асуудал байна. Адууны ширийг 10-15 мянгаар худалдан авдаг.

Тэгвэл үйлдвэрт боловсруулахад 15 мянган төгрөгөөр авсан үнэ дээрээ 20 мянган төгрөг нэмж өгч байж боловсруулах болдог. Тэгэхээр ямар ч ашиггүй болчихоод байна шүү дээ. Өөрсдөө боловсруулах үйлдвэр барих гэхээр зөвшөөрөл, тоног төхөөрөмж, хилээр оруулж ирэх химийн бодис гээд л бөөн асуудал болох юм байна лээ. Хэрвээ арьс ширний үйлдвэрүүдэд боловсруулаад хилээр гаргачихвал бид адууны ширийг өтөнд идүүлж муутгахгүйн тулд давслах гээд юун ингэж үйл тамаа идэж суух билээ” хэмээн “Эмээлт” захынхан ам уралдан хэлцгээж байна. Хүрэлсүх сайд минь таны амьд адуу байтугай адасгыг нь ч хилээр гаргахгүй гэж тас хориглосон шийдвэр бодит амьдралд яг л ингэж тусч байна. “Адууг бид дотооддоо мал мах болгоно, арьс ширийг нь дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээгээд гадагш нь гаргана” гэж Ерөнхий сайд та нэг л амархан юм хэлдэг. Гэтэл нэмүү өртөг шингээх гэж тамаа цайж байгааг ченжүүд хэлж байна. Арван таван тэрбум төгрөгийг нэг муу адсага болгоод хог дээр хаячихна гэдэг хайран байхаас яахав. “Эмээлт” захынхан адууны ширнийхээ тал хувийг нь ч гэсэн өмхийрүүлэлгүй байлгаж байгаад урд хөрш рүүгээ гаргачих юмсан гэх горьдлого тээсээр сууна. Түүхий эдийн асуудлыг хариуцах салбар яам буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан дөнгөж саяхнаас л “Эмээлт”-ийн адууны ширний талаар дуугарч эхэлж байна. Засгийн газрын дээрх тогтоолыг түр хугацаанд хүчингүй болгож овоолоостой байгаа адууны ширээ экспортлох тухай ярьсан. Гэтэл Сангийн яам зөвшөөрлийг нь өгөлгүй бараг сарын нүүр үзэж байгаа гэнэ. Тэгэхээр төр засгийг хараад ч нэмэргүй бололтой. Удахгүй зуны эхэн сар гарлаа. Овоолгоотой адууны ширээ хичнээн давсалж аргалах гээд нэмэргүй болно. Өт батганы үүр уурхай болно. “Эмээлт” тэр чигээрээ өмхийрсөн газар болно. Ийм л дүр зураг харагдаад байна. Аливаа бараа бүтээгдэхүүн зарагдаж, борлогдож эдийн засгийн эргэлтэд орж байж баялаг болдог. Түүнээс зарагдахгүй, эдийн засгийн эргэлтэд орохгүй бол ямар ч үнэт зүйл байгаад хэрэггүй. Түүн шиг Монголын түүхий эд, ялангуяа адууны шир эдийн засгийн эргэлтэд орохгүй хэвтсэнээрээ зүгээр л хог болж байна. Өтний хоол болоод дуусч байна. Уул нь дэлхий нийт адууны ширээр ёстой цангаж байгаа нь үнэн л дээ.

Дотооддоо боловсруулаад нэмүү өртөг шингээгээд гадагш гаргадаг бол мэдээж сайхан. Хоёр хөршөөс аваад Япон, Турк, Тайвань, Казахстан гээд олон оронд экспортлох боломжтой. Монгол адууны шир гадны үйлдвэрүүдэд очоод ихэвчлэн үнэтэй арьсан буйдан болдог. Мөн сүүлийн үед хийгдэж байгаа чанартай пүүзийг дандаа адууны ширээр хийдэг болсон. “Адууны ширээ хэрвээ хилээр гаргахгүй юм бол арьсан буйдан, пүүзний үйлдвэр Монголд оруулаад ир л дээ” гэж аргаа барсан нөхдүүд хэлж байсан. Монголчууд бид адууныхаа ширээр “Хөөндий” гэдэг гутлаас өөр юм хийж чадахгүй байгаа. Уул нь хоёр мянгаад оны эхээр адууны ширийг боловсруулах шинэ технологийг “Дархан нэхий”, “Их асар”, “Фучер холдинг”, “Алтайн харгиа”, “Шандаст аргамаг” гэсэн компаниудад нэвтрүүлж, дотооддоо боловсруулах тухай яригдаж байсан.

Гэвч өнөөдөр нэг ч үйлдвэр алга. Төр засгийг харахад эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэртэй болох маань ч лөөлөө юм байна. Тэгэхээр Хүрэлсүх сайд та амьд адуу байтугай адасгыг нь гаргахгүй гэж хий хоосон хийрхдэгээ болих хэрэгтэй. Харин түүний оронд өтний хоол болоод дуусч байгаа адууны ширээ урд хөрш рүүгээ экспортолж эдийн засгийн эргэлтэд оруул. Адуунд хайртай гэж жүжиг тавихын оронд арьс ширээ экспортлох шийдвэр гаргавал ард түмний чинь амьдралд хэрэгтэй байна.