Дэлхийн олон улсад зургаан жилийн турш дүрэлзсэн, уй гашуун дүүрэн өдрүүд дуусаж, Европ тивд дайны гал унтарсан Аугаа Эх орны дайны ялалтын 74 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсад амьдарч байгаа Оросын нутаг нэгтнүүдийн байгууллагуудын зохицуулах хорооны тэргүүн, МУИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн Европ судлалын тэнхимийн багш, дэд профессор, доктор (Ph.D) Павлов Владимир Ивановичтай ярилцлаа.

 

Та манай сонины уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

 

-Намайг Владимир Павлов гэдэг. 1958 онд Улаанбаатар хотод төрж, тухайн үеийн Зөвлөлтийн 2 дугаар 10 жилийн сургуулийг 1975 төгсөөд МУИС-д элсэн суралцсан. Улмаар их сургуулиа төгсөөд багшаар үлдэн ажилласан. Дараа нь Орос хэлний дээд сургуульд багшилж байгаад Ардчилсан хувьсгалтай золгосон юм. Тэгээд 10 гаруй жил хувийн хэвшилд ажиллаж байсан ба 2002 оноос эргээд МУИС-д багшилж байна. Өдгөө дэд профессор, докторын зэрэгтэй. Монгол Улсад амьдарч байгаа Оросын нутаг нэгтнүүдийн байгууллагуудын зохицуулах хорооны тэргүүний сонгуульт ажилтай. 

 

Ямар учраас Монгол Улсад төрж, цаашлаад ажиллаж, амьдрах болсон юм бэ?

 

-Энэ талаар ярихад олон зүйлийг сөхөх хэрэг гарна. Учир нь 1930 оныг хүртэл Монгол, Оросын хилийн зааг нарийн нягт, нямбай байсангүй. Харуул, хамгаалалт ч гэж байгаагүй. Тиймээс манай гэрийнхэн зун Монголд ирж өвс хадаж, малаа маллаж байгаад өвөл нь нутаг руугаа буцдаг байж. Гэтэл хоёр улсын гэрээний дагуу гэнэт хил хаагдаад эмээ, ээж хоёр минь Монголд үлдсэн, тэгээд Дорнодоор дамжин Улаанбаатарт ирж суурьшсан түүхтэй юм. Надад ярьсан түүх гэвэл ийм. Яг нарийн зүйлсийг нь бол би сайн мэдэхгүй байна. Залуу байхад тоодоггүй ч байж. Манай гэр бүлийнхэнтэй адилхан хил хаагдах үед Монголд үлдсэн олон тооны орос хүн байдаг. 

 

Тантай адилхан тохиолоор Монголд амьдарч байгаа орос хүн хэр олон байгаа вэ?

 

-Яг үр хүүхдүүд нь олон байгаа гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл Эх орны дайны үед Монгол Улсад амьдардаг боловч өөрийгөө ЗХУ-ын иргэн гэж тооцдог байсан 8000 гаруй хүн дайнд явсан. Түүнээс 2000 орчим нь эргэж ирсэн байдаг. Мөн 1975 оноос эхлэн ЗХУ руу буцах эрх нь нээгдэх үед маш олон хүн буцсан. Одоогийн байдлаар ОХУ-ын 1000 гаруй иргэн Монголд байнгын оршин сууж байгаа гэсэн тоо бий. Энэ тоо ч бас баталгаатай биш. Яагаад гэвэл, залуучууд аливаа нэг үйл ажиллагаа, арга хэмжээнд маш хойрго хандаж байгаа тул нарийн тоог нь гаргахад маш хэцүү болсон. 

 

Оросын нутаг нэгтнүүдийн байгууллагуудын зохицуулах хороо ямар зорилготой үйл ажиллагаа явуулдаг вэ?

 

-Манай зохицуулах хороо дотроо таван байгууллагатай. Эдгээр байгууллагуудынхаа хүрээнд Монголд байгаа ОХУ-ын иргэд болон нутаг нэгтнүүд рүүгээ чиглэсэн ажлуудыг явуулдаг. Нэг зүйлийг хэлэхэд ОХУ-ын иргэн болон нутаг нэгтэн гэдэг нь өөр өөр ойлголт юм. Гэхдээ аль аль руу нь чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Бидний үйл ажиллагаанд ОХУ-ын Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, боловсролын төв зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тусалдаг. Зөвхөн Оросын байгууллагуудаас гадна Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагатай хамтран ажилладаг. Мөн ОХУ-ын Засгийн газраас хилээс гадуур аж төрөн сууж байгаа нутаг нэгтнүүдээ бодлогоор дэмждэг учраас түүнтэй уялдуулж үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал, тав дахь жилдээ зохион байгуулагдсан Оросын нутаг нэгтнүүдийн их наадамд хүүхдүүдээ оролцуулж байна. 

Бид энэхүү наадамд оролцохдоо Монголоос ирсэн учир Монгол Улсын Төрийн далбааг барьж оролцон давхар өөрсдийнхөө амьдарч байгаа улс орноо бусаддаа сурталчилдаг.

 

Дэлхийн 60 гаруй орноос ирсэн нутаг нэгтнүүд хоорондоо спортоор өрсөлдөж, танилцан нөхөрлөдөг маш чухал, онцлогтой арга хэмжээ юм. Сүүлийн хоёр жилд Монголоос очсон хүүхэд, залуус маань өндөр амжилт үзүүлсэн. 

 

Энэ жилийн Ялалтын баяр өмнөх жилүүдийнхээс ч илүү өргөн цар хүрээтэй болох гэж байна. Баярын үйл ажиллагаанд танай зохицуулах хороо ямар үүрэгтэй оролцох вэ?

 

-Тухайн өдөр явагдах бүхий л үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцоно. Энэ жилийн Ялалтын баярын үйл ажиллагаанд Монгол Улс, ОХУ нэлээдгүй ач холбогдол өгч байна. Ач холбогдол өгөхөөс ч аргагүй. Энд олон учир шалтгаан бий. Онцолж хэлбэл удахгүй тохиох Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой, ирэх жил болох Дэлхийн хоёрдугаар дайны 75 жилийн ойд зориулсан бэлтгэл ажил, дараа нь одоогийн залууст Аугаа эх орны дайны үйл явц, өрнөл, учир шалтгааны талаар тайлбарлах гээд олон зүйлийг дурдаж болно.

 

Орос орны гэр бүл бүхэн ямар нэгэн байдлаар дайнд оролцсон байдаг. Таны ойр дотнын хэн нэгэн дайнд оролцож байсан уу?

 

Үнэний ортой. Учир нь яг өөрийнх нь ойрын гэр бүлээс оролцоогүй боловч төрөл садан нь оролцсон байдаг. Манай нагацын талаас гурван хүн дайнд явж нэг нь амь эрсдэн, хоёр нь хүнд шархтай буцаж ирсэн тухай ээжээсээ сонсож байлаа. Залуу байхад иймэрхүү зүйлийг сонирхдоггүй байж, одоогийн залуустай адилхан гэсэн үг шүү дээ. Хэзээ хойно нь лавлаж асуухгүй дээ гэж бодох үе байдаг. Өнөөдрийн хувьд тэднээс нэг нь ч амьд сэрүүн биш байгаа нь маш харамсалтай.

 

Дайнд оролцсон ахмад дайчдаа дурсан санах, тэдний алдар гавьяаг мөнхжүүлэх үүднээс энэ жил Монгол Улсад “Үхэшгүй мөнхийн хороо” хэмээх жагсаалыг зохион байгуулна. Үүний талаар юу хэлэх вэ?

 

-Одоогийн залуучуудын мэдээлэл авч байгаа хэрэгсэл ихсэх тусам мэдээлэл нь хэтэрхий өргөн хүрээг хамарч, өнгөц мэдлэгийг олгож байгаа юм. Тухайлбал, Халхын голын байлдааныг эрдэмтэн, судлаачид өөр өөр өнцгөөс тайлбарлаж, зарим талаар зорилго, ач холбогдлыг нь бүрхэгдүүлэх хандлага ажиглагддаг. Тиймээс энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан залуучууд болон хойч үе болсон хүүхдүүддээ Эх орны дайны үйл явдлаас гадна Халхын голын болон Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдынхаа үйл хэргийн талаар, тэдний баатарлаг үйлсийг сурталчлах, таниулах чухал ач холбогдолтой юм.

Бид “Бесмертный полк” хэмээх олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулж, явуулахаар хоёр жил гаруй хугацаанд хөөцөлдөж байлаа. Тэгээд аль нэг шатан дээр очоод гацдаг байсан юм. 

 

Харин энэ жилийн тухайд бодит ажил болж энэхүү олон нийтийг хамарсан жагсаалыг зохион байгуулж байгаад бид бүхэн туйлын баяртай байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон бусад хамтран ажиллаж байгаа байгууллагуудын удирдлага, хамт олонд талархсанаа илэрхийлье.

 

 

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Ахлах дэслэгч Э.ОЧХҮҮ

Эх сурвалж: "Соёмбо" сонин