Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна.

2019 оны 05 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Халх голын сав газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дулаарч 17-19 хэм дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 21-нээс 05 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 21-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 22-нд Алтайн салбар уулсаар, 23, 24-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар сэрүүснэ.