Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90 хувьтай хийгдэж арваннэгдүгээр сарын 2-ны өдөр төслийн нийт замын хөдөлгөөнийг нээсэн.

Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламж, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж байна.

Харин авто замын өнгөн хучилтын ажлыг тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлж, тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаасан билээ.

Тус ажил тавдугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг хэсэгчлэн хаах бүрэн хуваарийг өмнө нь танилцуулсан билээ.

Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Уулын зам Хийморь хотхоноос баруун чиглэлд Яармагийн гүүр хүртэлх замыг түр хугацаагаар хаасан тул Чингисийн өргөн чөлөөг сонгож хөдөлгөөнд оролцоорой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.