Бид өчигдөр Монгол улсын гадаад өр 2018 он хүртэл ямар байсан  тухай  дэлгэрэнгүй хүргэсэн. Бид өнөөдөр өрийн зарцуулалт, цаашид өрийн дармтад орох эсэхийг онцолж байна. 

Стратегийн баримт бичгийн хамрах хугацаанд буюу 2016-2018 онд Засгийн газрын өрийн үйлчилгээнд нийтдээ 14.9 их наяд төгрөгийг төлсөн байна. Дараах хүснэгтээр харуулбал,

Өрийн үйлчилгээнд төлсөн зардал 2017 онд ДНБ, экспорт, төсвийн орлогод эзлэх хувь өндөр байсан бол 2018 оноос буурах хандлагатай байгаа ч 2021-2024 онуудад төлөгдөх гадаад үнэт цаасны эргэн төлөлтөөс шалтгаалж ахин өсөх эрсдэлтэй хэвээр байна.

Засгийн газрын өрийн үйлчилгээний хүүгийн төлбөрт 2016-2018 онд нийт 3.2 их наяд төгрөг зарцуулжээ.

Хүүгийн зардал 2018 онд 1.0 их наяд төгрөг буюу нэгдсэн төсвийн нийт зардлын 11.3 хувьд хүрсэн нь 2016 онтой харьцуулахад 3.0 пунктээр нэмэгдсэн дүнтэй байна.

Өрийн үйлчилгээнд төлсөн төлбөр боловсролын салбарт зарцуулсан хөрөнгө оруулалтаас 2016 онд 30.1 дахин, 2017 онд 78.4 дахин, 2018 онд 16.9 дахин их, эрүүл мэндийн салбарт зарцуулсан хөрөнгө оруулалтаас 2016 онд 74.5 дахин их, 2017 онд 126.6 дахин, 2018 онд 81.0 дахин их байна.

Хүлээгдэж буй өрийн эргэн төлөлт төсөвт ачаалал үзүүлэх эрсдэлтэй байна

Засгийн газрын 2012-2018 онд үүссэн нийт өрийн эргэн төлөлт хийх хуваариас харахад 2021-2024 оны хооронд хамгийн өндөр төлөлттэй байгааг доорх дүрслэлээр харуулбал

Монгол улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээнд эзлэх нийт төлбөрийн хэмжээ 2019 онд 10.2 хувь, 2020 онд 14.2 хувь, 2021 онд 21 хувь болж өсөхөөр байгаа нь хүлээгдэж буй өрийн үйлчилгээний зардал төсөвт ачаалал үзүүлэх эрсдэлтэй байна.

Засгийн газраас олон улсын санхүүгийн зах зээл дээр 2012-2017 онд гаргасан гадаад үнэт цаасны томоохон төлбөрүүдийн эргэн төлөлтийн хуваарь дараах байдалтай байна. Үүнд:

• 2021 оны 4 дүгээр сард 500.0 сая ам.долларын Мазаалай бондын,
• 2022 оны 12 дугаар сард 1.0 тэрбум ам.долларын Чингис бондын,
• 2023 оны 3 дугаар сард 800.0 сая ам.долларын Гэрэгэ бондын,
• 2024 оны 3 дугаар сард 600.0 сая ам.долларын Хуралдай бондын.

Засгийн газрын гадаад зээл 2019-2022 онуудад дараах хуваариар төлөгдөхөөр байна.

Засгийн газрын баталгаа гаргасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг харахад хамгийн их төлөлт 2023 онд буюу МУХБ-ны 30.0 тэрбум иений өр байна.

• 2020 оны 12 дугаар сард МИАТ ХХК-д гаргасан 6.0 сая ам.долларын баталгаа,

• 2022 оны 1 дүгээр сард БНХАУ-ын Хөгжлийн банкнаас МУХБ-ны авсан 108.0 сая ам.долларын баталгаа,

• 2023 онд МУХБ-ны 30.0 тэрбум иений Самурай бондын баталгаа,

• 2023 оны 12 дугаар сард МИАТ ХХК-д гаргасан 34.6 сая ам.долларын баталгаа,

• 2031 оны 4 дүгээр сард “Эрдэнэс Монгол” ХХК-д гаргасан 35.0 сая ам.долларын баталгаа.

Улсын төсвөөс эргэн төлөх “барих-шилжүүлэх” концессын төрлөөр нийт 2,654.6 тэрбум төгрөгийн өртөгтэй байгуулсан 42 гэрээний эргэн төлөлтийн хуваарьт тооцоолол хийж үзэхэд 2020 онд хамгийн өндөр буюу 551.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс төлөхөөр хүлээгдэж байна.

Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа нийт 2.7 их наяд төгрөгийн 42 төсөл, арга хэмжээний эргэн төлөлт нь улсын төсвөөс 2016 оноос эхлэн хийгдэж ирсэн. Монгол Улсын 2016 он, 2017 он болон 2018 оны Төсвийн тухай хуульд батлагдсан арга хэмжээний санхүүжилтийг концессын гэрээний эргэн төлөлттэй харьцуулахад 2-5 дахин бага хөрөнгийг концессын эргэн төлөлтөд олгохоор баталсан байна.

Концессын “барих-шилжүүлэх” гэрээний төслийн хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарьт 2017-2018 онуудад улсын төсвийн хөрөнгийн зардлын 44.9-59.8 хувийг эзэлж, 2019-2021 онуудад буюу дунд хугацаанд төсөвт ачааллыг үргэлжлүүлэн үзүүлэхээр байна.