Хип хоп урлагийн ертөнцөд “Дижитал” хамтлагийг үүсгэн байгуулж, өөрсдийн гэсэн хүрээлэлтэй болсон дуучин бол Г.Эрдэнэбилэг буюу Эрка. Тэрбээр нэгэн үе залуусын зүрх сэтгэлийг булиглуулсан дуугаараа уярааж явсан нэгэн. Дуучин залуу гурван удаа соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээс татгалзаж байсан гэдэг. Шүтэн бишрэгчдээ сонсох дуутай, үлдээх нэртэй байхад л түүний гавьяа болох нь тэр хэмээдэг бололтой. Харин уран бүтээлээсээ гадна сайн эцэг, халамжит хань гэгддэг Эрка өдгөө долоон хүүхдийн аав болжээ. Одоогоос таван жилийн өмнө таван хүүхдийнхээ тухай олонд дэлгэж байсан бол өнөөдөр тэд өнөр өтгөн болж, долоон хүүхэдтэй 9 ам бүл болсон юм. Олон хит дууны эзэн түүний гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг уншигчдынхаа өмнөөс хүсье.