Сахлын саварт базагдсан хот-1

“Сахал” хочит Д.Эрдэнэбилэг хэмээх этгээд монголын улс төрчдийг базах замаар улсын үйлдвэрийн газруудыг удаа дараалан гартаа оруулсан нь тодорхой болж шуугиулж байлаа. Түүний саварт өртсөн төрийн өмчлөлийн газруудыг дурдвал:  

 

• Худалдаа хөгжлийн банк

• Улаанбаатар банк (анх УБ сан) 

• Хөтөлийн цемент шохойн үйлдвэр

• Дарханы төмөрлөгийн үйлдвэр

• Багануурын нүүрсний орд

• Монголросцветмет нэгдэл 

• Асгатын мөнгөний орд

• Эрдэнэтийн 49 хувь

 

гээд энэ улсын орлоготой, мөлжүүртэй бүхэн ажээ. Сайд Ц.Нямдорж Д.Эрдэнэбилэгийг “эзэн” хэмээн өргөмжлөн дуудсан бөгөөд “эзнээ харчихаад үхэх юмсан” хэмээн санааширч байсан цаг саяхан. Улс төрчдийн “эзэн” болсон Сахал улсын үйлдвэрүүд рүү хараагаа бэлчээгээд зогсдоггүй байж. Улаанбаатар хот руу ч савраа шигтгэсэн баримтууд олдлоо. 
 

Одоогоор Сахлын саварт хотын 6 байрлал базагдаад байгаа нь илрээд байна. Тэрээр нийслэлийн Засаг дарга байсан Г.Мөнхбаярын хоёр удаагийн захирамжаар 5 нийтийн эзэмшлийн цэцэрлэг, талбайг эзэмших эрхийг авсан. Өмнө нь 2006 онд нийслэлийн Засаг дарга байсан Ц.Батбаярын захирамжаар Д.Сүхбаатарын хөшөөний өмнөд хэсгийг эзэмших эрхийг авч, автомашины зогсоол болгосон хэрэг нь илэрч, шуугиулж байсныг бүгд санаж байгаа байх. 

 

 

Сахалын саварт базагдсан байрлалуудаас хамгийн анхаарал татаж байгаа нь биржийн баруун талд байх нийтийн эзэмшлийн зам, талбай. 2011 оны 3 дугаар Сарын 25-ны өдрөөс 5 жилийн хугацаатайгаар, банкны үйл ажиллагаа явуулах зориулалтаар 0,07 га газрыг Улаанбаатар банкинд эзэмшүүлэхээр шийдсэн байх юм. Тэр газарт очиж үзвэл банкны ямар ч үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлгүй болох нь тодорхой харагдна. Авто зам болон явган зорчигчдод оногдох өчүүхэн бага талбай байх агаад хэрвээ тэнд УБ банк байшин барьвал машин байтугай хүн алхах ч зайгүй, битүү болно. 2018 оны 9 дүгээр сард заасан хугацаанд ашиглаагүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр нийслэлийн Газрын алба уг газрыг эзэмших гэрчилгээг нь хүчингүй болгох гэж байгаагаа Сахалд мэдэгджээ. Газрын тухай хуулийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байдаг. Долоон жил өнгөрөхөд юу ч хийгээгүй учраас өөр яах ч билээ. Сахал эзэн хотын газраас түүвэрлэн базахдаа сонирхолтой зарчим баримталсан нь дан нийтийн эзэмшлийн талбайд шуналт нүдээ тусгажээ. Д.Эрдэнэбилэгээс өөр хүн Хөрөнгийн биржийн баруун талд, авто зам, явган зорчигчийн зам дээр банкны байшин баръя гэж хэлж зүрхлэхгүй. Ийм зүйл хэн хүний санаанд буухгүй, зүүдэнд ч орохгүй. Улаанбаатарчууд аа, нэгдэгтүн.
 

САХЛЫН САВРААС ХОТОО САЛГАЯ!





 

 

Г.СОНОР
Оллоо.мн