СХД-ийн 24-р хорооны оршин суугч Б. Болортуяaгийн гэр энэ сарын 24-нд шатжээ. Гал гарах үед гэрт 5 сартай болон 7 настай хүүхдүүд байсан байна. Болортуяа дөрвөн хүүхэдтэй.  

Таван сартайгаас 11 насны 4 охинтой юм. Хүүхдүүдийн аав бага охиноо ээжийнхээ гэдсэнд байхад өвчний улмаас бурхан болжээ. Охидын ээж болох Болортуяа Улаанбаатар хотоос нэлээд зайдуу газар ажилладаг байна. Тэрбээр өглөө 06:00 цагт ажилдаа гардаг бол үдшийн 23:00 цагт гэртээ ирдэг гэлээ. Долоон настай болон 11 настай жаахан охид ээжийн эзгүйд ээж болж, хоёр бага дүүгээ хардаг байна.

Болортуяагийн ээж хүүхдүүдээ галд гэрээ алдсаныг сонсоод Архангай аймгаас Улаанбаатар хотод яаравчлан иржээ. Биднийг сурвалжлага бэлтгэхээр очих үед хүүхдүүдийн ээж Болортуяа ажилтай байсан тул ирж амжаагүй юм.

Хань ижлээсээ хойш өрх толгойлж, үр хүүхэд, амьдралынхаа төлөө цаг наргүй зүтгэж яваа Болортуяа болон түүний дөрвөн охинд тусалж, дэмжихийг охидын эмээ элэг нэгт  монголчуудаасаа хүсч байсан юм. Тэд одоогоор хамаатныдаа толгой хоргодож байгаа гэлээ. Сэтгэл санааны байдал хүнд байгаа, ялангуяа таван сартай дүүгээ галаас аварсан долоон  настай Сайханжаргал охин ярьж, хэлэхдээ тааруухан байгааг эмээ нь учирлан ярьсан юм.