Монголчуудыг их хотын соёлд сургах гэж нэлээн үзэж буй үйлчилгээний газрын нэг нь нийтийн тээврийнхэн. Тодруулбал, автобусанд иргэд бэлэн мөнгө төлж зорчдог бус цахим картаар үйлчлүүлдэг болоод нэлээд хугацаа өнгөрлөө.

Гэвч өдийг хүртэл иргэд нь U-money карттай болж амжаагүй л явна. Нөгөөтэйгүүр, төлбөрөө төлөх карттай иргэд нь автобусандаа суугаад шууд картаа уншуулах дадалд суралцахгүй байна.

Уг нь бэлэн мөнгөөр зорчихгүй байх ажлыг хэрэгжүүлээд таван жилийн нүүрийг үзэх гэж буй. Гэтэл өнөөдөр жолооч нар болон иргэд энэхүү үйлчилгээндээ суралцсангүй. "Ааштай кондукторт загнуулахгүй сайхан байна" гэлцэх хэрнээ өөрийнхөө нийтийн тээврээр зорчсон төлбөрөө ухамсартайгаар төлчих чадамж алга.

Автобусны буудал болгон дээр 2-3 хянагч ажилласаар байна. Тэд нийтийн тээврээр зорчиж буй иргэдийг "картаа уншуул, бэлэн мөнгө өгсөн хүн буу, жолооч бэлэн мөнгө авахгүй ээ" хэмээн орилно. Мянга орилоод тусыг эс олох тохиолдол ч цөөнгүй байна. Нэг хэсэг карт цэнэглэх ТҮЦ нь ажиллахгүй байсан бол одоо харьцангуй энэ асуудал жигдэрч өглөө эрт ажиллах болсон. 

Жолооч нар бэлэн мөнгө бариад орж ирж байгаа иргэдээс татгалзаж чадахгүй байгаа нь уг ажлыг хойш татаж байгаа гэлтэй. "Гээндээ ч бий, гоондоо ч байгаа гэдэг дээ" төсөв мөнгө зарцуулан хэрэгжүүлсэн ажлыг хурдхан шиг жигдрүүлчихээд дараагийн асуудал, шаардлагаа тавимаар байна, иргэд ээ. Тухайлбал, нийтийн тээврийн суудлын бүрээс, доторх цэвэрлэгээ эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байгаа нь нүдэнд ил харагдаж байдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Өглөө эрт ажилдаа явахаар суухад л цэвэрлэгээ хийгдээгүй тоос шороо манарсан автобус үйлчилгээнд явдаг. Энэ нь өдөржингөө бохир явсаар орой буучихдаг. Иймэрхүү бохир автобусаар үйлчлүүлж байгаа иргэд элдэв халдварт өвчин, томуу, томуу тост өвчнөөр өвчлөхгүй байхын баталгаа байхгүй байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүдэд өнгөрөгч долоо хоногт хяналт, шалгалт хийжээ. Уг шалгалтаар 668 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас өнгө үзэмж муу 42, чиглэлийн урд хаяггүй 1, хойд болон хажуу хаяггүй 14, гадна болон дотор цэвэрлэгээ хийгдээгүй 65 , суудлын бүрээс бохир 31 , суудлын бүрээс дутуу 34, суудлын бэхэлгээ муу 15, жолоочийн ажлын хувцасгүй 22, заалны зүүжин бариул дутуу 16, Ахмад настан, ХБИ, хүүхэдтэй эхчүүд, жирэмсэн эмэгтэйд зориулсан суудалгүй 26 зэрэг нийт 266 зөрчил илэрчээ. Эдгээр зөрчлүүдийг газар дээр нь  арилгуулж, үйлчилгээний чанар, соёл, угаалга цэвэрлэгээ сайжруулах чиглэлээр хийж буй ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсөн байна. 

Харин одоо зорчихдоо картаа уншуулсангүй, уншуул гэж хүнээр шаардлага тавиулдаг асуудлаа болимоор байна. Үүнийхээ оронд бөөнөөрөө чихэлдсэн, амьсгалах агааргүй бүгчимдсэн нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байх шаардлагыг тавиад ая тухтай, цэвэр байдлыг шаардах цаг хэдийн ирсэн. Манай улс шиг нийтийн тээвэртээ олноороо чихэж суугаад нэгнийхээ өмхий самхайгаар амьсгалаад яваа улс байхгүй. Бүхэл бүтэн таван жилийг картаа уншуулж сурахад, бэлэн мөнгө өгөхгүй байхад зарцуулна гэдэг дэндүү арчаагүй байгаагийн илрэл. Мэдээлэл, технологийн хөгжлийн эрин зуунд амьдарч байгаа өнөө үед заавал U-money картаар биш банкны болон утасны сим картаа хүртэл холбуулдаг болчихсон ард түмэн минь.

Ухаалаг нийтийн тээвэр "хулгайн үүр уурхай болжээ"

Иргэдээ торгох биш карт цэнэглэх цэгээ нэмж болох уу