Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн боловч санхүүжилт нь зогссон, барилга угсралтын ажил дуусаагүй, ашиглалтад ороогүй, 3 ба түүнээс дээш жил үргэлжилж байгаа нийт 254,473.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 12 Төсвийн ерөнхийлөн захирагчийн 56 барилга, байгууламжид 2008-2017 онд нийт 171,550.2 сая төгрөгийн санхүүжилт буюу төсөвт өртгийн 67.2 хувийг олгосон байна.

Дээрх барилга, байгууламжийг захиалагч буюу Төсвийн ерөнхийлөн захирагчдаар ангилж үзвэл нийт төсөл, арга хэмжээний 80.3 хувийг БХБС, БСШУСС, ЭХС-ын төсөл, арга хэмжээ эзэлж байна.

Аудитад хамрагдсан дуусаагүй орхигдсон барилга, байгууламжийг салбараар нь авч үзвэл 48.2 хувь нь дэд бүтцийн, 41.0 хувь нь нийгмийн, 10.8 хувь нь бусад салбарт харьяалагдаж байна.

2018 оны байдлаар дуусаагүй, орхигдсон 56 төсөл, арга хэмжээний 37 буюу 66.1 хувь нь орон нутагт, 19 буюу 33.9 хувь нь нийслэлд байршилтай байна.

Нийт 56 төслөөс 50.0 хувь буюу 28-ийг нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.42 -дэх заалтын дагуу орон нутаг эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдсэн, дуусаагүй орхигдсон 56 барилга, байгууламжийн 9 буюу 16.1 хувь нь 8-11 жил, 27 буюу 48.2 хувь нь 6-7 жил, 20 буюу 35.7 хувь нь 4-5 жилийн хугацаанд үргэлжилж байна.

Аудитын явцад хамрагдсан нийт 56 төсөл, арга хэмжээнээс 5 нь ашиглалтад орсон, 5 нь ашиглалтад оруулахад бэлэн болсныг тогтоосон тул энэхүү 29,353.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 10 төсөл, арга хэмжээнд тусгайлан дүгнэлт гаргалгүйгээр зөвхөн хэрэгжилтийн явцад илэрсэн зөрчлийг тайланд тусгалаа. Үлдсэн 46 барилга, байгууламжийн барилга угсралтын ажлын чанар, орхигдсон шалтгааныг тодруулж, төсөл, арга хэмжээ бүрээр санал, дүгнэлт гаргасан.

Бид төвсийн ерөнхийлөн захирагч нар болох сайд нарын багцын дуусаагүй барилгуудыг цувралаар хүргэх болно.