Шүүхийн шийдвэрээр ял эдэлж буй гурван эмэгтэйг хугацаанаас нь өмнө сулласан. ШШГЕГ-ын харьяа 407 дугаар хорих ангиас суллагдаж буй Э-гээс цөөн асуултад хариулт авлаа.

 

-Таныг ял эдэлж байх хугацаандаа төрсөн гэж сонслоо. Хүүхдийнх нь бие гайгүй юу?

-Энд ирэхдээ жирэмсэн байсан. Одоо хүүхэд минь хоёр сартай. Эмнэлгийн тусламж шаардлагатай байгаа. Гэхдээ одоо суллагдаж байгаа болохоор алзахгүй. Хамт олон маань ч тусална гэсэн.

-Уучлаарай. Та ямар хэрэг үйлдээд ял сонссон бэ?

-Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  /Залилах/ гэмт хэрэг үйлдэж нэг жил нэг сарын хорих ялаар шийтгүүлсэн. Хялбар аргаар мөнгө олох шуналдаа хөтлөгдөн бусдыг хохироож байсандаа маш их харамсаж байна. Миний том хүүхэд одоо дөрвөн настай. Дүү минь асарч хамгаалж байгаа. Би эрүүл мэндийн байгууллагад үйлчлэгчийн ажил хийдэг байсан. Сардаа 350 мянган төгрөгийн цалинтай. Банкны зээл төлнө, нөхөр архи ууна, байнга намайг зодож, доромжилдог байсан. Амьдрал хүнд байсан ч буруу аргаар мөнгө олох хүсэлдээ автсандаа харамсаж байна. Бусдыг хохироож, тун ухаангүй үйлдэл хийснээ хорих байгууллагад ирээд ойлгож ухаарсан. Хүүхдээ хүртэл энэ хүйтэн хананы цаана төрүүлж, давхар ял эдлүүлж яваадаа туйлын их харамсаж сууна. Манай нөхөр гэх хүн намайг хорих ял авснаас хойш сураг тасарсан.

-Эндээс гараад ажилдаа эргэж орох уу?

-Хамт олон маань ажилдаа буцаж ороорой гэсэн. Хүүхдээ эмчлүүлж, ажлаа ч хийж, зөв амьдарна гэж бодож байна.  Ямартай ч үр хүүхдүүдийг минь бодож дахин гэмт хэрэг битгий үйлдээрэй гэж надад боломж олгож, хугацаанаас минь өмнө сулласан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маш их баярлалаа. Хүүхдүүдийнхээ төлөө хичээж, зөв  амьдарна.