Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улс 1999 онд анх Авто тээврийн тухай хуультай болсон түүхтэй. Уг хуульд өнгөрсөн хугацаанд 19 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Харин энэ удаад шинэчлэн найруулсан төслөө батлуулахаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөрөгч дөрөвдүгээр 23-нд өргөн барьсан.

Засгийн газраас өргөн барьсан Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 23.7-д баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байхаар тусгажээ. Энэхүү зохицуулалт ихээхэн маргаан дэгдээгээд буй.

Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Авто тээврийн тухай хуулийг өргөн барьсан. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн ажлын хэсгийн хүмүүс 2021 оноос хойш буруу рультэй машиныг цэгцэлж, удаан жилийн насжилттай автомашиныг багасгах бодлого барьж ажилласан. Яамны зүгээс энэ заалтыг татаж авч байгаа. Өнөөдөр ард түмний амьжиргаа муу байна. Тийм учраас ард түмний гол унаа болсон “Приус” машиныг буруу рультэй учраас татаж авна гэсэн ойлголт байж болохгүй” гэв.

Ямартай ч 2021 оноос буруу рультэй машины импортыг хориглосноор ард түмэн “Приус” унаж чадахгүйд хүрнэ гэсэн айдсыг Зам, тээврийн хөгжлийн сайд арилгалаа. Ард түмэн приусээ унаж болно гэдгийг тэр хэллээ.

ГССҮТ-д нэг жилд 80 гаруй мянган хүн хандан эмчилгээ, тусламж, үйлчилгээ авдаг байна. Үүний 17 мянга нь авто тээврийн ослын улмаас бэртэж, гэмтэж ирдэг бол эдгээрийн 500 орчим нь нас бардаг байна.

Авто ослын 80 хувь нь хөдөө орон нутагт гарч байгаа бөгөөд осол гарахад нөлөөлж буй тэргүүлэх хүчин зүйл нь хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэснээс шалтгаалж буйг албаныхан анхааруулсаар ирсэн.

Гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд автомашины буруу руль ихээхэн сөргөөр нөлөөлдөг хэмээн үздэг. Гэхдээ өөрсдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс шалтгаалан амь нас, эрүүл мэндээрээ хохирч буй нь гашуун үнэн.

Г.Сүрэн

www.Shuud.mn