2019 оны 03-р сарны 18-ны өдөр  иргэн Ууганбаяр хүүтэйгээ КFC-ээр үйлчлүүлж хоолны хордлого авч, эмнэлэгт хэвтсэн талаар өөрийнхөө цахим орчинд сэрэмжлүүлэг бичсэн.

Үүний дагуу С1 телевиз эх сурвалжуудаас тодруулан мэдээлэл бэлтгэсэн байна. Харин КFC сүлжээ хоолны газар цагдаагийн байгууллагад хандаж, өргөдлийн дагуу С1 телевиз, иргэн Ууганбаяр нар бусдыг гүтгэсэн хэмээн Зөрчлийн хуулийн 6.21-д зааснаар зөрчлийн хэрэг үүссэн байдаг. Улмаар хэргийг шалгаж байсан Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагч С1 телевизийг 20 сая төгрөгөөр, иргэн Ууганбаярыг 2 сая төгрөгөөр торгосон юм.

Тэгвэл С1 телевиз болон иргэн Ууганбаяр нар зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй тул Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Шүүх хурал өнөөдөр болж С1 телевиз болон иргэн Ууганбаяр нар КFC сүлжээ хоолны газрыг гүтгээгүй нь тогтоогдож, торгуулийг хүчингүй болгосон байна.