Утааны голомтоос 972 яндан устгана гэдэг чамлахааргүй үр дүн

Утаагаа умартсан Улаанбаатарын иргэд цээж тэнэгэр алхаж ахуйд нэгэн зүйлийг нийслэлийн удирдлагад сануулахгүй бол болохгүй нь.

Засгийн газраас “Буянт-Ухаа” хороололд баригдсан 972 айлын орон сууцыг нийслэлийн удирдлагуудын мэдэлд шилжүүлэх шийдвэрийг саяхан гаргасан. Өөрөөр хэлбэл, Барилга хот байгуулалтын яам “тоглоом”оос гарснаар нийслэлийн удирдлагууд Хөгжлийн банкны хөрөнгийг буцааж олгох болж байна. Тиймээс одоо “хөзөр” Нийслэлийн орон сууцны корпорац болон нийслэлийн удирдлагын гарт шилжлээ. Энэ боломж дээр ямар бодлого баримтлах нь тэдний шийдэх асуудал. Гэвч түрээслэх хэлбэрээр хүсэлт гаргасан иргэдэд олгох уу, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газраар солих уу гэсэн сонголтын өмнө тэд ирээд байна.

Аль аль нь зайлшгүй эрэлт хэрэгцээ мөн боловч нийслэлийн шаналан болсон утааны асуудлаа бодвол гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулбал илүү үр дүнтэй санагдана. Үүний тулд хэдэн тоо, баримт сөхөж үзвэл буруудах зүйлгүй.

БХБЯ-наас 2018 онд хийсэн судалгаагаар нийслэлийн нийт өрхийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч, утааны голомт үүсгэж байна. Тухайлбал, 107.8 мянган өрх гэр хорооллын байшинд, 101.1 мянган өрх монгол гэрт нүүрс түлж байгаа юм. Хэдийгээр Засгийн газар утааг бууруулах гол арга нь шахмал түлш гэж бүх “бооцоогоо” тавьсан ч туршилтын эхний жил учраас үр дүн гарах нь эсэх нь эргэлзээтэй хэвээр. Харин гэр хорооллоо дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах бодлогоо тууштай баривал эргэлзэх зүйлгүй ононо. Үүнийг бас өөр тоогоор баталгаажуулъя. Нийслэлийн гэр хорооллын 216 мянган өрх таван жилийн дотор орон сууцанд орохоор төлөвлөж буйгаа илэрхийлжээ. Гэтэл түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэн 44 мянга байна. Нэг өрхийн цаана хэдэн хүний амьдрал яригдах вэ гээд үзвэл  яалт ч үгүй гэр хорооллын дахин төлөвлөлт сонголтын эхэнд эрэмбэлэгдэж байна. Нийгэм ч үүнийг хүсэж буйгаа тодорхой илэрхийлсээр байгаа.

Харин энэ жил болоод ирэх жил гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орох орон сууцны тооцоог хийж үзвэл 2021 оноос наашгүй шинжтэй. БХБЯ-наас нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар Ногоон нуур орчимд барих “1008 айлын орон сууцны хорооллын төсөл”ийг өмнөө барьж байгаа боловч БНХАУ-ын талтай хэлэлцээрийн ширээний ард сууж амжаагүй л байна. Ерөнхийлөгч өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчлахдаа тус төслийн солилцох захидлыг БНХАУ-ын талтай байгуулсан. Харин БХБЯ-ныхан зохион байгуулалт дутсанаас шуурхайлж чадахгүй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт БХБ-ын сайд Х.Баделхан БНХАУ-аас манай улсад сууж буй Элчин сайд Шин Хайминтэй уулзахдаа Хятад Улсын Төрийн зөвлөлийн хүлээн зөвшөөрсөн төслийн ТЭЗҮ-ийг эцсийн хувилбараар гардах хүсэлтээ илэрхийлсэн ч зөрүүлээд Монголын талын бэлтгэл ажлыг шуурхайлахыг хүссэн. Тухайлбал, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөөс эхлээд төсөл хэрэгжих талбайг тэгшлэх, гадна инженерийн шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийн холболтын бэлтгэл ажлыг хангах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулах зэрэг барилгын ажлын анхан шатны бэлтгэл хангах тухай тодорхой нэр дурдан зааж бэлтгэлээ базаахыг “сануулсан” байна лээ. Цаашлаад барилга барих хятад ажилчдын виз, байрлах орон байрыг бэлтгэх, бараа материал, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх зэрэг ажлууд ч зуун задгай байгааг онцолсон дуулдана. Зуны дунд сар шувтарч байхад сууриа тавих нь байтугай судалгаа нь дуусаагүй барилгын төсөл төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно гэдэг юу л бол. Улирлын чанартай барилгын ажил хавар эрт эхэлж байж ондоо амждагийг хэн хүнгүй мэддэг хойно 2020 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох төлөвлөгөөтэй барилгын нээлт ч хоёр жилийн дараа тууз, хайч бариулах нь ойлгомжтой байна.

• 972 янданг устгаад зогсохгүй 68 га газарт барилга барих боломж нээгдэнэ. 

• Түрээсийн орон сууцны өмнөх хуваарилалт шог болсныг иргэд санаж байгаа. Хамаатан садан, танил талдаа түлхүүр гардуулснаас төрийн бодлого зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй. 

• Дэнжийн мянга, Зурагт орчмын гэр хорооллын газрыг 972 орон сууцаараа “тулчихвал” утааны шаналангаас хугаслаад зогсохгүй, нийслэлийн өнгө үзэмж сайжирна.

Үүнээс гадна БНСУ-аас Монгол Улсад олгож байгаа нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Буянт-Ухаа 2” хорооллын орчимд 4320, “Буянт-Ухаа 3” хорооллын газарт 720, Баянголын аманд 2000 айлын орон сууц барихаар төлөвлөж буй ч нэлээд хэдэн жилийг үдэх нь лавтай. Мөн БХБЯ болон нийслэлийн удирдлагын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч ширээний ард сууж, шинэ төслүүдийн нарийн ширийнийг ярилцаж эхлээгүй л байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бодлого ийм удаашралттай нөхцөлд нийслэлийн удирдлага “хөзрөө зөв тактикаар гаргаж” байж утааны эсрэг хувь нэмрээ өргөх болно. Тиймээс түрээсийн 972 айлын орон сууцыг зуухаа хураалгаж, газраа чөлөөлсөн иргэддээ зориулж, утааны эсрэг ашиглахыг нийслэлийн удирдлагад зөвлөх байна. Утааны голомтоос 972 янданг устгана гэдэг чамлахааргүй үр дүн. Мөн нэг өрхийн 0.07 га-гаар тооцвол 68 га газарт дахин барилга барих боломж нэмэгдэж байгааг хэлүүлэх юун. Цаашлаад Хөгжлийн банкны хөрөнгийг ч хэл ам багатай төлөхөд нэг талдаа амар болно. Төрийн орон сууцны корпорац Хөгжлийн банкны өрнөөс өндийж чадаагүйгээс хүнд байдалд орсон шиг нийслэлийн удирдлага түрээсийн орлогын дороос өндийхгүй болчихвол дараагийн төлөвлөгөө ч хазайхыг үгүйсгэхгүй.

Ногоон нуур орчмыг БНХАУ-ын барилгын компани “амлаад” авчихсан энэ үед Дэнжийн мянга, Зурагт орчмын гэр хорооллын газрыг 972 орон сууцаараа “тулчихвал” утааны шаналангаас хугаслаад зогсохгүй, нийслэлийн өнгө үзэмж ч эхний ээлжинд сайжраад л явчихна. Цаашлаад эрчим хүчний дэд төвүүд ашиглалтад орчихвол дараагийн гэр хорооллыг орон сууцжуулах боломжууд аяндаа үүсэх бус уу.

Нөгөө талаар нийслэлийн өмнөх удирдлагын “найрласан” жишээг давтах магадлал үгүй болно. Төрөөс орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх үед түрээсийн орон сууцны хуваарилалт шог болсныг иргэд санаж байгаа. Хамаатан садан, намын найз, танил талдаа түлхүүр гардуулснаас төрийн бодлого зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй. БХБЯ-ныхан түрээсийн орон сууцны хуваарилалтыг нийслэлийн мэдэлд дахин шилжүүлэх талаар УИХ-д мэдээлж байхад гишүүд ч “нийслэлийн удирдлага “найрлаад” дуусах магадлал өндөр” хэмээн эсрэг байр суурь илэрхийлж байсан юм. Харин гэр хорооллыг цөөлөх талд бол хэн хүнгүй гараа өргөн дэмжиж байгаа.

Зуны сарыг зургаа юм шиг санаж, уршиг тарьсан утаагаа мартчихсан яваа нийслэлийн удирдлагад хандаж хэлэхэд хожмын өдрийн зовлонгоо тооцож, өнөөдрийн алхмаа зөв хийх мэргэдийн зөвлөгөө илүүдэхгүй биз ээ.

Засгийн газрын мэдээ сонин