Яармагийн зам дагуу тарьсан моднууд өнгөө алдсан талаар өмнө нь дуулгаж байсан билээ. Өнгөрсөн жилийн хавар яармагийн замын урд, хойно тус бүр 1200 мод тарьсан. Тэдгээрийн зургааг нь л нөхөн тарихаар булгалсан хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Сүхбат хэлж байсан юм. Тэгвэл бүх мод үхсэн, ургасангүй гэх ярих нь буруу аж. Ийнхүү мод үхэж, өнгө зүсээ алдан доройтсон явдалд жолооч нар буруутай гэнэ. Тухайлбал, Тасганы овоод  2017 оны намар 136 мод тарьсан. Эдгээрээс 30 модыг солих шаардлагатай болсон. Ихэнх нь механик гэмтлээр буюу машин мөргөсний улмаас хугарч, үхсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд таригдсан нийт 67 байршилд 8095  ширхэг мод ургаж байгаагаас механик гэмтлээр дөрвөн  жилийн хугацаанд автомашины осол,  хүний буруутай үйл ажиллагаанаас  болж нийт 85 ширхэг  шилмүүст мод гэмтсэн байна.  Харин  энэ он гарснаас хойш 50 орчим удаагийн  тохиолдол бүртгэгдэж  50 сая төгрөгийн хохирол учруулснаас  18 сая  төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлжээ. Энэхүү тоо баримтаас харахад, ихэнхи модыг нь жолоочийн буюу иргэдийн буруутай үйлдлээс үүдэн үхэж, гэмтсэн гэсэн үг юм. 

Тэгвэл Улаанбаатар  хотод таригдаж байгаа нийт модны 95 хувь нь гоёлын мод бут ажээ. 2018 онд нийт 22 төрлийн  349 мянган ширхэг   гоёлын мод  бут  тарьсан бол шилмүүст мод нийт 3717 ширхгийг тарьсан гэдгийг ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн онцлов. Тэгэхээр нийт модны арван хувь нь шилмүүст мод гэсэн үг.  Нийт модны 97-98 хувийг  мод үржүүлгийн газраас, байгалийн ойгоос  дөрвөн хувь, импортын моднууд нийт модны 0.4 хувийг эзэлдэг байна.

Ногоон байгууламжийг байгуулахдаа зулзаган модыг суулгаад тарьж болдоггүй юм уу гэх асуултыг олон нийт дэвшүүлдэг. Гэвч зулзаган модыг тарихаар хурдан хугацаанд ногоон байгууламжтай болж чаддаггүй юм байна.  Нэг жилд хотын ногоон байгууламжийн арчилгаанд 100-200 сая төгрөг зарцуулдаг ажээ. Гэтэл жижиг мод маш их арчилгаа шаардаж хөрөнгө мөнгө ихээхэн ордог бөгөөд нөхөж тарих нь хэмнэлттэй байдаг гэнэ. 

Тэгвэл Нийслэл хотоо ногоон байгууламжтай өнгөлөг сайхан яаж байлгах талаар Доктор М.Найданхүү "Жил бүрийн хавар, намар улс даяараа мод тарьдаг. Ойд зүгээр ургаж байсан моднуудыг хэдэн мянгаар нь авчраад хуурай, үхсэн хөрсөнд баяр хөөр болон суулгадаг улс орон өөр хаана ч байхгүй байх. Эдгээр мод авчирсан хөрсөн дэх усаараа амь хоол хийж ганцхан жил цэцэглээд дараа жил нь үхчихэж байна.

Мод тарихад ч гэсэн шинжлэх ухаан хэрэгтэй. Улс орнуудын жишээнээс харахад xот дотор таридаг таримал мод бий болгох төвүүд, фермерүүд байдаг. Тэнд тарьсан таримал модыг л замын дагуу, саад, цэцэрлэгт тарихаас биш зэрлэг ойн модыг ухаж авчираад тарьдаггүй. Улаанбаатар хот болон хавь орчиноо моджуулая гэж зорьж байгаа бол та бүхэн таримал мод тарьдаг төвүүд, фермерүүдээ эхлээд дэмж. Тэд хотын ямар ч нөхцөлд ургаж чадах Модны сорт, үүлдэр бий болгочихвол бид амжилтанд хүрнэ" хэмээн өөрийн нийтлэлдээ дурьдсан байдаг.