“Шинэ эрин” сургуулийн элсэлтийн шалгалтын материал алдаатай байсан талаар шалгалт өгсөн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийв. Тус сургуульд зургадугаар ангид элсэн суралцах шалгалтыг өгөхөөр 1200 гаруй хүүхэд бүртгүүлжээ.

Бүртгүүлийн хураамж 25 мянган төгрөг бөгөөд нийт 31 сая төгрөгөөр шалгалтыг зохион байгуулсан гэсэн үг юм. 

Өнгөрөгч долоо хоногийн Ням гаригт болсон уг шалгалтад нийт 1,236 хүүхэд оржээ. Гэвч шалгалтын материалд нийтдээ дөрвөн бодлого алдаатай байсан байна. Энэ талаар,  Эцэг эхийн төлөөлөл н.Энхбаяр “Хоёр жилийн турш шалгалтдаа бэлдсэн хүүхэд маань хоёр өдөр уйлж суулаа. Учир нь сургуулийнх нь шалгалтын материал алдаатай байсан. Шалгалт өгөөд гарч ирсэн хүүхдүүд материал алдаатай байсныг хэлснээр эцэг эхчүүд энэ асуудлыг нягтлан шалгаж сургуулийн захиргаанд хандахад алдаагаа мэдээгүй байсан. Сургалтын менежер Батаа гэдэг хүнтэй уулзахад эцэг, эхчүүдээс өргөдлийг нь хүлээн авсан.

Эцэг эхчүүд бид мэргэжлийн хүнээр, математикийн багшаар шалгуулахад шалгалтын материалын А вариантын 28, 40 дүгээр бодлого алдаатай байсан. Тодруулбал 40 дүгээр бодлогын зөв хариулт сонголтод байгаагүй. Мөн Б вариантын 40 дүгээр бодлогын хариулт байгаагүй. Ингээд нийт дөрвөн бодлого алдаатай байж таарсан. Сургуулийн захиргаанд дахин өргөдөл, гомдол гаргахад алдаатай бодлогууд буюу 3 онооны даалгаврыг хасаж, дүгнэхээр болсон. Ингээд нэг вариант нь 39, нөгөө вариант нь 38 бодлоготой болсон. Үүнээс улбаалан шалгалтын оноонд зөрүү гарсан. Энэхүү зөрүүний улмаас шалгалтад тэнцсэн хүүхэд тэнцээгүй болсон учраас алдаагүй бодлогоор дахин шалгалт авахыг л бид хүсэж, шаардаж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

“Шинэ эрин” сургууль нь Кембрижийн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлсэн анхны сургууль юм. Анх Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын материалыг боловсруулдаг байжээ. Харин өнгөрсөн оноос эхэлж БСШУСЯ-эаас "Шинэ эрин" сургуулийн захиргааг шалгалтын материалыг боловсруулж, шалгалтыг бие даан зохион байгуулах эрхийг олгожээ. 

Энэхүү шалгалтыг өгсөн хүүхдүүд бүгд 6-9-р ангийн ахисан түвшний бодлогоор шалгалтыг өгсөн гэв. Мөн шалгалтын материалдаа алдаатай бодлого орсныг сургуулийн удирдлагууд болон сургалтын менежер нь мэдээгүй байсан. Шалгалт өгсөн хүүхдүүд өөрсдөө илрүүлж эцэг эхдээ мэдэгдсэн гэдгийг онцолсон юм.