“AL JAZEERA” АГЕНТЛАГ: ЯПОНЧУУД МОНГОЛЫН ДЭМЖЛЭГИЙГ ХҮСЧ БАЙНА

Зүүн Хятадын тэнгис дэх арлын маргаантай холбоотойгоор Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монголын талаас дэмжлэг хүсэхээр тус улсад айлчлав. Тэрбээр Улаанбаатарт ирсэн даруйдаа Монгол Улстай хийгдэх гадаад худалдаагаа өргөжүүлж дипломат харилцаагаа сайжруулахыг зорьсон юм. Монгол бол газар зүйн хувьд чухал байрлалтайгаас гадна Хойд Солонгостой дипломат харилцаатай орон. Тийм учраас Японы хувьд стратегийн түнш гэж ойлгож болно. Арлын маргаантай холбоотой асуудлын талаарх сэтгүүлчийн асуултанд Шинзо Абэ “Хятадтай холбоотой нөхцөл байдалд Монголын талын дэмжлэгийг авах хүсэлтэй байна. Монголчууд Японы байр суурийг ойлгож байгаа гэдгээ илэрхийлсэн” хэмээн ярьжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Японы Ерөнхий сайдын ажлыг хүлээж авснаасаа хойш Шинзо Абэ Хятадын удирдагчидтай хараахан хэлэлцээр хийгээгүй байгаа юм.

 

“JAPAN TIMES”: ТАВАНТОЛГОЙН ТӨСӨЛД ЯПОНЫ КОМПАНИУД ОРОЛЦОХОД ТҮЛХЭЦ ҮЗҮҮЛЭВ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд айлчлах үеэрээ уул уурхайн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр технологийн хувьд дэмжлэг үзүүлнэ гэсэн юм. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах үеэрээ Тавантолгойн төсөлд Японы компаниудыг оролцуулахад түлхэц үзүүлсэн байна. Фукушимагийн цөмийн станц дахь ослын дараа Японы эрх баригчид хямд үнэтэй түүхий эдийн нөөцийг хилийн чанадаас эрэлхийлэх болсон. Тэдний энэ сонирхолд Монгол Улс яв цав нийцэж байгаа юм. Эдийн засгийн харилцаанаас гадна дипломат асуудлын хүрээнд япончууд Монголоос дэмжлэг хүсчээ. Монгол бол өмнө нь коммунист орон байсан, тэгээд ч Хятад, Оростой хиллэдэг. Энэ утгаараа Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад чухал үүрэгтэй гэдгийг онцолсон юм. Өмнө нь 1970-аад оны үед сураггүй болсон Японы иргэдийн асуудлаар Хойд Солонгосын талтай хийх хэлэлцээрийг Улаанбаатарт зохион байгуулж байсан. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сард 2008 оноос хойш тасалдаад байсан дээрх хэлэлцээрийг мөн л Улаанбаатарт үргэлжлүүлсэн юм. Үүнтэй зэрэгцээд Япон бол Монголын хамгийн том донор орон гэдгийг онцлох хэрэгтэй.

 

“AFP” АГЕНТЛАГ: ХЯТАДЫН МАРГААНД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

Зүүн Хятадын тэнгис дэх арлын маргаантай холбоотой асуудалд Монголын талын дэмжлэгийн хүссээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол дахь айлчлалаа эхлэв. Тэрбээр “Манай байр суурийг монголчууд сайн ойлгож байгаа гэдгээ илэрхийлсэн. Тиймээс тэдний дэмжлэгийг хүлээж байна” хэмээн онцолжээ. Шинзо Абэ ажлаа авснаас хойш Хятадын эрх баригчидтай хэлэлцээр хийгээгүй билээ. Харин энэ удаа түүний Монголд хийж буй айлчлал дээрх маргаанд онцгой анхаарал хандуулж буйн нэг илрэл бололтой.

 

“WALL STREET JOURNAL”: МОНГОЛД ХИЙЖ БУЙ АЙЛЧЛАЛ ЯПОНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨХ АЛХАМ БОЛОВ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Би хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахыг хүсч байна” хэмээн Монголын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзах үеэрээ хэлэв. Тэрбээр Монголыг стратегийн түнш орон гэж нэрлэжээ. Түүнчлэн чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг аль болох яаравчлах сонирхолтой байгаагаа онцолсон байна. Японы хувьд Өмнөд Солонгос гэх мэт оронтой хийх худалдаа нь буураад байгаа билээ. Шинзо Абэгийн хувьд Ерөнхий сайд болсноосоо хойш Вьетнам, Тайланд, Индонезэд айлчилсан. Японы эдийн засаг Хятадаас хэт хараат байгаа явдлыг арилгах нь Шинзо Абэгийн айлчлал бүрийнх нь цаад зорилго болж байна. Харин энэ удаагийн Монгол дахь айлчлал нь “Хятадуудын эсрэг явуулах бодлого” мэтээр ойлгогдож болох ч түүнээс илүүтэйгээр аюулгүй байдал, ардчиллын төлөөх алхам хэмээн Японы албаны төлөөлөгчид онцолж байгаа. Харин уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааны талаар Шинзо Абэ “Бидэнд байгалийн баялаг байхгүй. Харин технологийн хүчин чадал бий. Тиймээс хоёр орны хамтын ажиллагаа аль, аль талд нь маш их ач холбогдолтой юм” гэв.

 

“BLOOMBERG”: ЯПОНЧУУДЫН ТУСЛАМЖТАЙГААР ХУУЧИН СТАНЦАА САЙЖРУУЛНА

Хойд Солонгосын эрх баригчид өмнөд хөршдөө дайн зарлаж буйгаа мэдэгдсэний дараа Монголын тал зургаан талт хэлэлцээрийг эхлүүлэх санал гаргалаа. Энэ талаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үеэр Монголын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэв. Япончууд үүнд их баяртай байгаа бололтой. Дипломат харилцаатай холбоотой маргаанаас гадна Японы Ерөнхий сайд эрчим хүчний салбарт хамтрах санал тавьсан. Улаанбаатарт байрладаг дөрөвдүгээр цахилгаан станц нь Зөвлөлтийн үед 1981 онд ашиглалтад орсон. Харин энэ удаад Японоос өгч буй 45 сая ам.долларын хөрөнгийн тодорхой хэсгийг хуучин цахилгаан станцынхаа хүчин чадлыг сайжруулахад зориулах аж. 

 

Т.Элиса