О.Магнай! Хэдэн жилийн өмнө Төрийн ордон руу улаан лооль чулуудаж, Д.Сүхбаатарын талбайд 200-гийн пошик нүдэж, шудрага үнэнийг ялуулна хэмээн орилж бахирч явсан залуу шүү дээ.

Өнөөдөр тэрээр Ардчилсан намын нарийн бичгийн дарга гэдэг хүндтэй суудалд заларчихсан, өнгөтэй өөдтэй бүхнийг хараар будаж, шударга үнэн бүхэн рүү нулимж, харааж явна. Хайран залуу!  Өндөр албан тушаал, өнгө мөнгө л хүнийг ийм болгох юм даа.

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, T.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд... тэргүүтэй хэсэг залуучууд гарч ирээд Монголыг гадаадынхантай нийлэн гучаад жил тонон дээрэмдсэн мафийн сүлжээг устгах гэж амь хайргүй зүтгэж байгаа нь нууц биш. Тэдний сүүлчийн толгойлогчийг суудлаас нь зайлуулах гэж хичнээн сар яаж зовов?! Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын шударга талыг барьсан 40 гишүүн, талбай дүүрэн мянга мянган хүний эсэргүүцлийн жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт... нийлж байж Монголын мафийн Ардын нам талын толгойлогчийг арай чүү суудлаас нь буулгасан.

Гэлээ ч гучаад жил Монголыг цөлмөсөн мафийн сүлжээний гол гар хөл, Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын прокурор, Авилгатай тэмцэх газрын удирдлагууд хэвээрээ байгаа. Бас энэ мафийнхны хүчээр баяжиж хөлжсөн, О.Магнай, Д.Эрдэнэбат мэтийн  өндөр албан тушаалаар “шагнуулсан” хүмүүс одоо хэрнээ, шударга ёсны эсрэг шүд зууж, эх оронч залууст маань “популист” хоч өгчихөөд алхам тутамд нь занан зүхэж байгаа. Ардчилсан намын удирдлагууд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах гэхээр эсэргүүцэж, сөрүүлээд УИХ-ыг тараана хэмээн орилолдоод байсны ард О.Магнай, Д.Эрдэнэбат нарын хүмүүс байсан нь одоо ил боллоо. Тэд Ардчилсан намаас шудрага үнэний дуу хоолой болж байсан Ж. Батзанданг намаас хөөж, Л.Болдод хатуу арга хэмжээ аван ямар муухай загналаа даа. Цаанаа л Монголын мафийг өмөөрч, хамгаалж байсан.

Л.Болд, Ж.Батзандан нарын ард Ардчилсан намын мянга мянган гишүүд дэмжигчид байгаа гэдэгт хэн ч итгэнэ. Тэр бүхний эсрэг тэмцлийг удирдагч нь О.Магнай байж. Саяхан О.Магнай “Л.Оюун-эрдэнийг АТГ-ын дарга юмуу, Ерөнхий прокурор болговол олон хүнийг шоронд хийх бололцоо бүрдэх нь” гэсэн гарчигтай ярилцлага өгч. Телевизээр ч олон удаа ярьсан. Эрдэнэтийн 49 хувийн хуйвалдаан илрэхээр бачимдаж, “боож үхэх” гэж яваа нь энэ. Өнөөх шудрага үнэний багаа тайлаад чулуудчихсан. Мафийг улаан нүүр, халуун цээжээрээ хамгаалагч О.Магнай жинхэнэ дүрээрээ зогсож байх юм даа. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг баахан муулж. Намаасаа гарсан Ж.Батзандан, Л.Болд хоёрыг ч бараг л газар доогуур чихэж дээ.  Сонин юм!  Хэдхэн жилийн өмнө дөрөө нийлээд жийгүүлж байсан хүмүүсээ ч харлуулахыг юман чинээ бодсонгүй.

Хамт мэдээлэл хийсэн Ц.Туваан нь “Ж.Батзандан нарын намаас хасагдсан хүмүүс Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийн асуудалд АН-ын удирдлагыг холбоотой гэж гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг тараасан” гэж буруутгасан байгаа. Яаж ингэж хэлж чадаж байна аа!  Энэ том хуйвалдааныг чинь тухайн үеийн Ардчилсан намын удирдлага л зохион байгуулж. Гол буруутан нь АН-ын Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат хоёрын гарын үсэг зураад тамга дарчихсан бичгүүдийг хаашаа нуух гээд байгаа юм! Тухайн үед Аж үйлдвэрийн сайд байхдаа Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр хувийн компанид өгүүлэхээр бичиг үйлдээд явж байсан Д.Эрдэнэбат чинь одоо та нарын дэргэд УИХ-ыг тараая гэж орилоод сууж байгаа биз дээ. Гол буруутан нь энэ хүн биш юм уу?! Тэгэхэд Ц.Туваан нар “Гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл” гэж юу яриад байгаа юм! Ингэж худлаа хэлээд “хуйхаа” далдлаад суувал Ардчилсан нам маань ирэх сонгуулиар есөн суудал ч үгүй л хоцрох байх даа.

Ямар хүмүүс, хэнийг намаасаа хасаж хөөгөөд байгааг олон түмэн ажиглаж л байгаа. Монголын мафийн гар хөл энд, амь бөхтэй оршиж байна гэдгийг ч сайн ойлгож байгаа. Шудрага бүхнээ үзэн ядаж байна гэдгийг ч харж л байгаа. Ардчилсан намд “тэнцэхгүй” болсон хүмүүсийг би үүх түүхээр нь  сайн мэднэ. Ж.Батзандан бол удам угсаагаараа шударга сайн хүмүүс. Аав нь шударга үнэнчээрээ нэрд гарсан “прокурор Жалавсүрэн” гэж байсан. Ардчиллын анхны төлөөлөгчид 1990-ээд оны үед Сүхбаатар аймагт очиход дарга нар нь бүгд дүрвэж явчихаад, аймгийн ерөнхий прокурор Жалавсүрэн гуай л гэртээ хүлээж аваад, ажил төрлийг нь бүтээлцэж өгч байсан гэдэг юм. Батзандангийн нагац ах Рэгжийбуу гуай Дорноговь аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга байхдаа хуучин тогтолцооны гаж бурууг шүүмжлээд хилсээр арга хэмжээ авагдсан /яг л өнөөдрийн Батзандан шиг/ хөөгдөж туугдаж яваад таалал төгссөн. Ийм хүмүүсийн үр сад шударга байхаас яахав.

Л.Болдын аав Лувсанвандан доктор бол Монголын нэртэй шудрага эрдэмтэн, их соён гэгээрүүлэгч байлаа. Монголын түүхэнд үлдсэн 2 Лувсанвандангийн залуу нь. Л.Болд бол яг л эцгийгээ дууриасан шудрага тэмцэгч л дээ. Энэ “ардчиллын” гэж цээжээ дэлдээд байгаа хэдийн дэргэд бол Монголын ардчилалд Л.Болд шиг гавъяатай хүн тун цөөхөн дөө. Л.Болдынхны амь биеэрээ дэнчин тавьж авчирсан Ардчиллын үнэт зүйл бүхнийг хулгайлагчид, шороон дээр дэвслэгчдийн зөв юм уу?! Ийм хүмүүсээ хөөж явуулчихаад хойноос нь “Тэгээд амар сайхандаа жаргаарай” хэмээн тавлаж суугаа О.Магнайг юуч гэмээр юм дээ. Ийм хүмүүс л нөхрийгээ эргэж харах хооронд “хутга шаадаг” байхгүй юу.

Энэ засгийн газар, шудрага үнэний дуу хоолой, олон түмний итгэл найдвар болсон Хүрэлсүхийнхэн асар их эсэргүүцэлтэй тулгарсан ч олон зүйлийг амжуулж байна. Хулгайч нарын хэдэн арван жил хийж чадаагүй, хийхийг ч хүсээгүй газрын тосны үйлдвэр, Улаанбаатарын цэвэрлэх байгууламж, эмнэлэг сургуулийн барилгууд... их ажлыг эхлэлээ, амжуулж байна. Магнайтан, Эрдэнэбаттангууд хорсохдоо бүгдий нь харлуулж, ард түмний тархийг угаасаар байгаа.

Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр нарын удирдсан мафийнхны хорвоо даахгүй болтлоо идсэн том хэргүүдийг ил болголоо. Хамгийн их нөлөөтэй нь “Эрдэнэтийн 49 хувийн хэрэг”. Хулгайчид, бүх баримт нь ил болчихоод байхад “идээгүй”, “Худалдаа хөгжлийн банкнаас нэг ч төгрөг аваагүй” гэж зүтгэсээр л байгаа.

Төрийн мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг нууцаар хулгайлчихаад байхад тухайн үеийн засгийн газрын гишүүдээс шудрагаар дуугарах хүн нэг ч гараагүй, бүгд л хамсаж хуйвалдсан байгаа юм. Одоо булхай нь илрэхээр бүлх залгисан юм шиг дуугүй болцгоосон.

Саяхан Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр хуйвалдаж авсан 3 хүнийг баривчилж саатуулсан. Шүүх маргааш нь сулалчихаж байгаа юм. Хүмүүс бол шүүхийн удирдлага эдгээр гэм буруутныг сул чөлөөтэй болгож удирдлагаас нь зөвлөгөө өгүүлэх үгээ нэгтгэх бололцоо олгож байгаа юм гэж хардсаар байгаа.

Мафийн сүлжээ Монголдоо нурж, тэдний гар хөл болсон хуульчдын бузар булхай илрээд ирэхээр эцсийн аргаа хэрэглэх боллоо. Хулгайчдыг бариад өгөхөөр маргааш нь тавиулчихдаг, гадаадад оргуулчихдаг, ул мөрийг нь баллуулдаг, хөрөнгө зоорийг нь шилжүүлдэг, үгсэн хуйвалдах бололцоо нөхцлийг нь бүрдүүлдэг муухай юм болгоныг хийж байна. Мафийн толгойлогчид, гол буруутнууд гадаад улсуудын хот тосгонуудаар уулзалдаж, булхайгаа булж, дарах хэлэлцээ хийж байгаа ч сураг байна. Төр засгийн удирдлага, шудрага иргэд, хуульчдыг дарамталж байгаа тухай ч мэдээлэгдлээ.

Энэ хэргийн цаад эздийг даруйхан илрүүлж хатуу цээрлэл хүлээлгэхийг ард түмэн шаардсаар байгаа юм.

Монголын мафи хүчтэй хэвээрээ байна. Тэд юу ч хийхээс буцахгүй болсон байна. Олон түмэн бол энэ хэдэн шудрага залуучуудаа сайн хамгаалалтанд байлгаасай гэж байгаа. Сүүлийн хорин хэдэн жилийн дотор С.Зоригоос Б.Дангаасүрэн хүртэл хичнээн шудрага эх орончид алагдсан буюу учир битүүлэг үхэвдээ?!  Энэ алуурчдыг  бол ард түмэн дотроо ойлгоод л байгаа. УИХ–ын гишүүн Ж.Батзанданг Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц “Чамайг оронд чинь алж чадна шүү” хэмээн заналхийлж, энэ тагнуулыг АН-ын цөөнхийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат яаж өмөөрч хамгаалж байлаа даа. Үүнийг Монголын бүх хүн үзсэн. Б.Хурц түүний хань хамсаатнууд хичнээн хүнийг оронд нь алаа бол гэж олон түмэн одоо хэрнээ түгшсээр л байгаа. Тэгээд ч ард түмэн маань энэ хэдэн шудрага дайчин залуучуудаа хайрлаж “Болгоомжтой бай! Хамаа бусаар хоол унд битгий идэж уу! Алхам тутмаа хянаж бай” гэж захиад байгаа юм.

Монголыг гучаад жил гадныхантай хуйвалдан тонон дээрэмдэж идсэн мафийн сүлжээ амь тавьдагийн даваан дээр тийчилж байгаа. “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр тэд юу ч хийхээс буцахгүй болоод байна.

О.Магнай минь чи, тэднийг хамгаалан орилж чарлаад л явж байх юм даа. Хорвоо гэгч...!

Галсангийн Жамьян

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн