/Өөр өнцгөөс/ 

Халхын голын дайнаас хойш 80 жил улирсан ч асар их цус урсгасан, догшин ширүүн тулалдаан яагаад хүн, амьтангүй, эзгүй бүс нутагт болох болов гэдэгт хэн ч хариу өгөөгүй байна. Манай болон Зөвлөлт, Оросын түүхчид империалист Дайнч Япон БНМАУ-ыг эзлэн авч түшиц газар болгон  улмаар ЗХУ-ын Байгаль нуур, Транссибирын төмөр замын зангилгаа руу халдан түрэмгийлж, Эрхүүгээс Владивосток хүртэлх газар нутгийг эзлэн авах зорилготой эртнээс төлөвлөсөн цэргийн ажиллагаа БНМАУ-ын хилийг зөрчин Монголын хилийн цэргийн Номон хан-Бүрд овооны застав руу 1939 оны 5 дугаар сарын 11-нд Баргын морьт хороо дайрснаар эхэлсэн гэж баталж нотолдог. Үүнийг үйл явдалд оролцсон Зөвлөлтийн цэрэг, улс төрийн зүтгэлтнүүд  дурдатгалдаа өчүүхэн ч гажуудуулалгүй давтсан байдаг. Жишээлбэл Г.К.Жуков “Японы тал 1935 онд БНМАУ-ын газар нутгаас 20 км газрыг өөрийн талд оруулан, хилийн заагийг Халх голын эргээр зурсан хуурамч газрын зураг үйлдсэн” гэснийг Армийн генерал Иван Федюнинский баталсан байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд судалгааны эргэлтэд орж буй баримтууд дээрх дүгнэлтийг батлахгүй байна.

 

Тухайн үед БНМАУ, Манж Го Улсын Халхын голын бүс нутаг дахь хилийн шугам, зааг нь газрын зурагт бүрэн ороогүй,  тодорхой бус багана тэмдэг цөөн байсан ч нутгийн иргэд хүний, өөрийн газар нутгаа сайн мэддэг, хэдэн зуунаар уламжлан ирсэн аман захиастай, урьд нь газар нутаг булаалдсан маргаан цөөн гарч байсан байдаг. Гэтэл 1932 оноос эхлээд Улаанбаатар ч биш, Токио ч биш бүр Манж Гол Улсын нийслэл Шинжинь ч ЗХУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-наас Халх голын бүс нутгийн хилийг аль болох тодорхой болгох, Номон ханы өндөрлөгүүдийг нарийвчлан газрын зурагт тусгахыг гэв гэнэт шаардах болов. Гэхдээ Сталины барилаар “ . . маш тодорхой ч бидний оролцоо үл мэдэгдэх” гэсэн хэлбэрээр монголчуудыг шахаж эхлэв. Тухайн бүс нутагт хэдэн зуун жил малчин ардууд  нааш цааш нүүж, өвөлжиж, намаржсаар ирсэн уламжлалт дэг журам тогтсон байсан учир нэг талаар хил нарийвчлан тогтооход ихээхэн хүндрэлтэй, нөгөө талаар монголчууд ямар учиртайг нь сайн ойлгоогүй юм уу назгайраад зөвлөлтийнхний зааврыг биелүүлж өгсөнгүй. Тэр жилдээ Улаан армийн Жанжин штабын Зурагзүйн газраас Халхын голын бүс нутагт анхны хэмжилтүүд хийж зурагжуулжээ.

1934 оны эхээр Улаан армийн Улс төрийн удирдах газраас Сталинд Улаанбаатарт Жанжин штабын Зурагзүйн газрын зургийг зориуд хуурамчаар үйлдсэн эсэргүү бүлгийг илрүүлж, гишүүдийг нь баривчилсан тухай нууц илтгэх хуудас танилцуулав.Сталин ийм хуурамч материал бэлдэж байгаа нь япончууд БНМАУ-д халдан довтлох гэж байгаагийн нотолгоо гэж шууд дүгнэжээ. Зөвлөлтийн чекистүүд хаанаас тэр хуурамч зургийг илрүүлсэн, ер нь тийм зураг байсан эсэх нь өнөө хүртэл нууц хэвээр үлдэв.

1935 он гарангуут Улаан армийн байлдааны хуягт болон агаарын байлдааны нэгжүүдийг маш нууцаар БНМАУ-ын нутаг руу оруулж эхлэв. БНМАУ-ЗХУ-ын хоорондын харилцан туслалцах гэрээ байгуулагдахаас 1 жилийн өмнө шүү. 1936 онд энэ нэгтгэлүүдийг хороо, бригад болгон зохион байгуулж, командлагчаар нь корпус командлагч Леонид Вайнер томилогдсон ба энэ хүн МАХЦ-ийн ерөнхий командлагчийн үүргийг давхар гүйцэтгэж байгаад 1937 онд цаазлагдсан. 1937 оны 9 дүгээр сар гэхэд Монголын нутаг дэвсгэрт Улаан армийн 57 дугаар корпус бүрэн бэхжиж, амьд хүчний тоо нь 32 мянгад хүрсэн байна. Командлалыг нь корпус командлагч Иван Конев хүлээн авлаа. Иймд бие бүрэлдэхүүнээс нь зарим хэсгийг нь МАХЦ-ийн мэдэлд шилжүүлжээ.Эндээс харахад Улаан арми Монголыг гадны довтолгооноос хамгаалахын зэрэгцээ өөрийн зэвсэгт хүчний салбарыг шилжүүлэн байрлуулах давхар зорилготой байжээ. 

 

Япон судлаач Кирилл Чевекогийн сүүлийн үед гаргаж ирсэн баримтаар бол 1935 оны 1 дүгээр сарын 8-нд МАХЦ-ийн морьт хороо Буйр нуурын хойд зүгт байх өндөрлөгт бэхжжээ. 20 хоногийн дараа Японы морьт хороо мөн хүрэлцэн иржээ.Энэ үйл явдал талууд хилийн хэлэлцээ  эхлүүлэх шалтаг болов. Зөвлөлтүүд урьдын адилаар хэлэлцээнд оролцсонгүй, харин монголчууд тэднээс Японы талд  өчүүхэн ч буулт хийхгүй, аль болохоор асуудлыг сунжруулах хатуу чиглэл авчээ. Японы тал  Халх голын баруун цутгал болох Хайлааст голын орчмыг зурагжуулсан ба талууд байр суурин дээрээ хатуу зогсож, бие биенээсээ баримт шаардаж байв. Баримтууд ч хангалттай байв. Тухайлбал, Хаант Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын  Газрын зургийн албанаас 1884, 1906 онд гаргасан зураг, Матусов, Никитин нарын Манж чин улсын 1888 оны газрын зураг, Байгалийн чанадад 1906 онд зохион байгуулсан газарзүйн отрядын зураг,  БНХАУ-ын Ардын армийн Жанжин штабын Газарзүйн отрядын 1918 үйлдсэн гадаад Монголын 1:10000 хэмжээст зураг, 1919 онд гаргасан Хятадын шуудангийн хорооны зураг, 1935 онд Шанхайд хэвлэсэн Хятадын газрын зураг. Үүнээс гадна Квантуны армийн амбан захирагчийн албаны  1919, 1926, 1934 оны зургууд, Японы эзэн хааны армийн Жанжин штабын 1928 оны зураг Квантуны армийн Жанжин штабын 1935 оны зураг тус тус байв. 

Дорно дахин судлаач, түүхч Сергей Лузянин 1936 оны 2 дугаар сарын 17-нд Гадаад хэргийн ардын комиссаратын орлогч Борис Стомоняковын  Монгол Улс-Манж Го улсын бодит хил хязгаарын асуудлаар хийсэн хуралдаанд Улаан армийн Жанжин штабын дарга Александр Егоров, Улаан армийн Тагнуулын удирдах газрын дарга, корпус командлагч Семён Урицкий болон газрын зургийн мэргэжилтнүүд оролцжээ. Хуралдаанаар ямар зураг хөргийн асуудал хэлэлцсэнгүй. 4 хоногийн дараа Стомоняков Улаанбаатар дахь Элчин сайдын яам руугаа /Тэр үед яаманд цэргийн тагнуулын мэргэжлийн ажилтан Владимир Таиров ажиллаж байсан/  “албан ёсны” гэх нэг зураг илгээж, “энэ удаагийн мөргөлдөөн Манж Го улсын нутаг дэвсгэр дээр болсон гэдэг Японы тал бат итгэлтэй байгааг нь бид мэдэж байна гэжээ. Таиров мөргөлдөөн болсон цэгүүд яг аль улсын нутаг дэвсгэрт хамаарахыг нь хэлж мэдэхгүй байсан учир бөөрөнхийлж, Улаан армийн газрын зургийн мэргэжилтнүүдийн зургаар бол асуудал үүсгээд буй 2 цэг нь Манж Го улсын нутагт, 1 нь маргаантай нутаг дэвсгэрт байна гэж хариулжээ гэсэн баримт гаргаж ирээд байна.

 Кремлийн хувьд газрын зураг шалтаг төдий зүйл байсан ба Халх голын бүс нутгийн их хэмжээний цэргийн хүч дэлгэхэд тохиромжтой байдал нь   шохоорхлыг нь татаж байсан гэж цэргийн түүхч, хурандаа Владимир Мильбах дүгнэж байна. 1938 онд хэвлэгдсэн Зөвлөлтийн их нэвтэрхий тольд Монгол-Манж Го улсын хилийг Халхын голоор заагласан, БНМАУ-ын газрын зураг зүгээр ч нэг орчихоогүй юм. Манж Го улсын талд нь газарзүйн тэмдэг, тэмдэглэгээнүүдийг тод, шулуун шугамаар холбосон байдаг. Өмнө нь Зөвлөлтийн удирдлагууд Хаант Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын  Газрын зургийн албаны 1884, Матусов, Никитин нарын  Манж чин улсын 1888 оны газрын зургуудыг өргөн хэрэглэдэг байсан. 1938 он хүртэл Politische Karte von China Bielefeld und Leipzig (1900 г.)-ын талаар элдэв яриа гаргадаггүй байсан гэж Мильбах бичсэн байдаг. Дээрх зургуудад БНМАУ-Манж Го улсын хилийг 1938 оны Зөвлөлтийн их нэвтэрхий тольд зурсан шиг биш, Халхын голоор ч биш, баруун өмнө зүгт Монголын тал руу зурсан байдаг. Тэгэхээр байлдааны үйл ажиллагаа Манж Го улсын нутагт болсон болж байна уу?

 

Тулалдаан хэдийнэ эхэлчихээд байсан 1939 оны 5 дугаар сарын 17-нд 57 дугаар тусгай копусын командлагч Николай Фекленко Жанжин штабтаа Монголын эрх баригчдад өгөх газрын зураг шаардлагатай байгааг илтгэжээ.Өмнө нь хил тогтоож байсан хүмүүсийн  батлаж хэлснээр хилийн шугамыг тодорхой зурсан зураг дор нь хийжээ. Мөн 1887 оны 7 дугаар сарын 5-нд Барга, Халхын хошуудын хилийн маргааныг шийдвэрлэсэн зураг ч олов. Эдгээр зургуудад тулалдаан яалт ч үгүй Монголын нутаг дэвсгэрт болж байгаа нь илэрхий боллоо. Дотоод хэргийн Ардын комиссарат Лаврентий Берия энэ олдворын тухай Сталин, Молотов нарт илтгээд яагаад ч юм бэ Гадаад хэргийн ардын комиссарат, Жанжин штабаас ч  төстэй зураг олдсонгүй гэж нэмж хэлжээ.

Улаан Армийн газрын зурагны газар 1934 оны 1 дүгээр сард чухам ямар материалд тулгуурлан Монгол-Манж Го улсын хилийг Халхын голоос баруун тийш  зурсан болохыг шалгаж эхэлсэн байна. 1934 онд газрын зургийн мэргэжилтнүүдэд шаардагдах зургийг олохыг тушаасан олдохгүй бол хийхийг үүрэг болгосон байна. Яагаад ч юм хэрэгцээтэй зураг нь олдоогүй учир нам, засгийн бодлогын таамагласан газрын зурагчид өөрсдөө хийж орхисон нь эргээд төр, засгаа хуурсан хэрэгт унажээ. Тэд мэдээж буудуулсан. Дээр олдсон газрын зураг дороо байлдааны зураг болж хувирав. 

1939 оны 6 дугаар сарын 26-нд буюу тулалдаан эхлээд 46 хоносны дараа Зөвлөлтийн мэдээлэх товчоо 5 дугаар сарын 11-нд БНМАУ-ын зүүн хязгаар Буйр нуураас баруун зүүн өмнө зүгт, Халх голоос  зүүн зүгт 16-20 км-т байдаг Номон хан Бүрд овооны Монголын хилийн заставыг Япон, Манж Го-гийн цэргүүд гэнэт халдан довтолсон учир Монголын хилчид байрлалаа орхин Халх голын баруун эрэгт гарлаа гэсэн мэдээлэл цацав. Дайралтад өртсөн застав, амь үрэгдэгсдийн тухай ямар ч мэдээлэл байсангүй. Япончууд, Манж Го-ийн тал бүх л үйл явдлыг ширхэгчлэн баримтжуулсан бол монгол цэргүүдэд Зөвлөлтийн мэдээлэх товчооны мэдээнээс өөр ямар  ч мэдээлэлгүй байв. 

Өнгөрсөн 80 жилийн хугацаанд Халхын голын дайны анхны тулалдааны тухай бүхий л хэвлэгдсэн материалд дээрх мэдээг жаахан дэлгэрүүлэх маягаар хэвлээд байгаа ба ядаж ганц ч нэр ус нэмээгүй байна. Ядаж Монголын застав руу хэн довтолсон нь тодорхой бус үлджээ. Баргууд уу? Манж Го улсын цэргүүд үү? Эсвэл япончууд уу? Номон хан, Бүрд овоонд Монголын хилийн застав байсан уу? 

Нэрт зохиолч Константин Симонов “Халхын голын өгүүллэгүүд” номондоо анхны тулалдаан болсон газрын тухай  “ . . хойд зүгт шүд хага ташим хүйтэн, гүн саарал Буйр нуур тачир ногоон өвстэй элсэн довцог дунд оршино.Дайн эхлэнгүүт застав Халх голын өмнөд эрэг рүү нүүсэн. Жижигхэн модон байшингууд, нурсан сүм, шүтээний туурь, Японы хилийн застав илхэн харагддаг намхан харуулын цамхагтай нам гүмхэн жижигхэн застав тэр хэвээрээ үлдсэн” гэсэн байдаг. Гэтэл албан ёсны мэдээллээр заставыг устгасан шүү дээ. Өөр нэг сонирхол татах гэрч бол 24 дүгээр моторжуулсан хорооны дарга, хурандаа Иван Федюнинскийн дурдатгал юм. Тэрээр Халх голын эрэг дээр застав байгаагүй бөгөөд хааяа цөөн тоотой эргүүл явуулдаг байсан гэжээ.Тэгэхээр Мэдээлэх товчоо заставыг устгасан гэсэн бол Симоновынхоор заставын байшингууд үлдсэн, Федюнинский ямар ч застав байсныг анзаараагүй байдаг. Федюнинский цааш нь тулалдаан эхлэхийн өмнө япончууд байлдаан болох нутаг оронд тагнуул үйлдэж, боломжийн газрын зурагтай болоод түүнээ зөвхөн довтолгоонд ч бус хамгаалалтын зорилгоор ашиглахаар зэхэж байлаа гэжээ. Г.Жуков японы тагнуулчид Халх голын бүс нутгийн сайн зураг хийсэн байсан. Зөвлөлтийн дарга нар ч тэр япончууд ч тэр газар орноо сайн судалсан байсан ба жаахан ч санаа зовох зүйлгүй гэртээ байгаа мэт байдаг байсан гэжээ. МАХЦ-ийн дарга нар байлдаан болох нутаг дэвсгэрийг хэнийх вэ гэдгийг мэдэхгүй байна гэж байх уу? гэж Федюнинский нэмж бичсэн байна.    

Квантуны арми Номон ханы тулалдааныг гадаад Монголын цэргүүд эхлүүлсэн гэж баталдаг. Тухайн үед Манжуурт цөөнгүй байсан гадаадын сурвалжлагчид Монголын морьт цэргүүд 1939 оны 5 дугаар сараас нэг бус удаа хил зөрчин орж ирж, Манж Го, Японы цэргийн харуулуудыг буудаж эхэлсэн. Рейтер агентлаг ямар шалтгаантай нь мэдэгдэхгүй байна.Гагцхүү бэлчээр нутаг булаан эзлэх гэсэн гадаад монголчуудын үйлдэл гэдэг нь тодорхой. Энэ бүс нутаг бэлчээрийн мал аж ахуйд тохиромжтой ч томхон мөргөлдөөний шалтгаан болно гэдэгт итгэлгүй байна гэж бичиж байв. Бусад мэдээллийн агентлагууд сөргөлдөөнийг Улаанбаатар сайн дураараа хийгээд байгаа юм биш Москвагийн заавраар гүйцэтгэж байна гэж бичиж байв. 

Судлаач Эдвард Ж.Дригийн Японы цэргийн архивын материалд үндэслэн 1939 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн үйл явдлын талаар бичиж, АНУ-ын Армийн команд-штабын коллежид хэвлүүлсэн  “Номон хан, Зөвлөлт-Японы дайчдын тактикийн тулалдаан 1939 он” бүтээлдээ “1939 оны 5 дугаар сарын 11-нд хүнд, хөнгөн пулёмётаар зэвсэглэсэн, Монголын 70-80 морьт цэрэг Халх голыг гатлан  Манж Го улсын нутаг дэвсгэрт орж ирж, мориндоо ус, бэлчээр хайж эхэлсэн. Номон хан суурингаас холгүйхэн Манж Го-гийн хилчдийн жижиг бүлгийг довтолсон. Манж Го-гийн талаас өөрийнхөндөө туслахаар явган цэргийн батальон сөрөг дайралтад оруулж, монголчуудыг гол цаад эрэг рүү таягдан хаясан. Тулалдааны талбарт монголчууд цэргийн 5 хүний цогцос, 4  үхсэн морь, их хэмжээний буудлагын зэвсэг, сум хэрэгсэл орхин зугтаасан гэжээ. Монгол цэргүүдэд морь, малаа бэлчээрлүүлэх бэлчээр хүрэхгүй байсан болж байна уу? Эсвэл Манж Го-гийн өвс илүү шүүслэг гэж үү? Хүнд пулёмет морин дээрээ дүүрээд гол гарлаа гэж үү? Эдвард Дри эндүүрсэн бололтой.  Дри цааш нь маргааш нь ахиад 70-80 хүнтэй монгол морьт бүлэг ахин гол гатлан ирж, Манж Го-гийн цэрэгтэй тулгарч байлдан Манж Го-чуудыг бут цохисон гэжээ. 

Армийн 1 дүгээр бүлэглэлийн 57 дугаар тусгай корпусын командлалын бичиг баримтыг цэгцэлсэн тайланд “монгол цэргийн байлдах чадвар, сахилга бат эхний өдрөөсөө л гайхал төрүүлж эхэлсэн гэж байдаг. Тэгэхээр үнэхээр Дри-гийн бичсэн үнэн бол Номон хан руу довтолсон цэргүүд нь МАХЦ-ийн хувцас өмссөн Зөвлөлтийн армийн дайчид байж болох юм. Тухайн үед Зөвлөлтийн чекистүүд Монголын хөдөлмөрчин ард түмнийг хамгаалах нэрээр лам нарыг нь ангийн хувьд устгаж байсан юм.    

Халх голын бүс нутгийг Японы эзэн хааны зэвсэгт хүчний 23 дугаар явган цэргийн дивиз хянаж байсан ба командлагч нь дэслэгч генерал Комацубара Мититаро байсан. Дивизийн штаб халх голоос шулуун шугам татвал 217 км зайтай Хайлаар хотод байжээ.  Энэ дивизийн үндсэн үүрэг нь Борзын чиглэлээс ирэх Зөвлөлтийн цохилтоос Хайлаар хотыг хамгаалах байсан ба Монголын чиглэлд чухам хир хэмжээний үүрэг хүлээж байсан нь тодорхой бус. Тэнд байрласан нэг хороо нь тун хүнд байдалд байдаг байжээ. Эдвард Дри Японы штабын офицерүүд оперативын газрын зураг дээрээ Номон хан сууринг арай гэж олдог байсан. Комацубара эхлээд энэ бол байдаг л нэг жижиг мөргөлдөөн гэж үзэж багахан хүч илгээх тушаал өгчээ. 14-ний өдөр яаран  бүлэглэсэн хуягт механикжуулсан болон морин эскадронууд дэд хурандаа Азума Яозогийн удирдлага дор Бүрд овоонд иржээ. Анх тулгарч байлдсан монгол цэргүүд япончуудыг гайхшийг барав. Алагдсан монгол цэргийн халаасанд ямар ч идэж уух, хувийн эд зүйл, бичиг баримт байтугай ядаж сонингийн тасархай ч  байхгүй,  зөвхөн сум, гар бөмбөг л байдаг байв. Хэн болох нь үл мэдэгдэх энэ цэргүүд бүхий л боломжоороо япончуудыг байсан газраас нь хөөн явуулахаар ирсэн мэт санагдаж байлаа. 

Сталины шууд тушаалаар Хятадад цэрэг-техникийн бүх талын туслалцаа үзүүлэх, гадаад, дотоод Монголд тусгай ажиллагаа хэрэгжүүлэх байгууллага Улаан армийн Цэргийн тагнуулын газрын мэдэлд байгуулагдаад байв. Энэ байгууллагыг “Z ажиллагаа” гэж нэрлэдэг байсан ба сүүлд бичиг баримтад “Z шугам” гэж бичдэг болсон. Тушаал шийдвэрийг Монголд МАХЦ-ийн цэргийн ерөнхий зөвлөх, Цэргийн тагнуулын хэлтсийн дарга хэрэгжүүлдэг байсан бол Москвад Улаан армийн Цэргийн тагнуулын газрын 2 дугаар хэлтсийн дарга болон нэг орлогч нь, хилийн чанад дахь шуурхай ажиллагаа хариуцсан “А” хэлтсийн дарга, нууц байгууламж хариуцсан 9 дүгээр хэлтсийн дарга тус тус хариуцаж байв.Энэ хэлтсийг бас “Монгол-Шинжааны хэлтэс” гэж нэрлэж байсан ба 1939 онд ахин зохион байгуулж, Жанжин штабын мэдлийн нууц байгууламж хариуцсан хэлтэс болгожээ.1939 оны 5 дугаар сард тусгай “А” хэлтсийн даргаар хорлон сүйтгэх шуурхай ажиллагааны эцэг гэж Испанид алдаршсан хурандаа Хажи Умар Жиорович Мамсуров томилогдов. 

1939 оны 5 дугаар сарын 11-15-нд Номон ханы хүрээ рүү довтолсон довтолгоо 1939 оны 8 дугаар сарын 31-нд Польшийн цэргийн хувцас өмссөн ЭсЭс-ийн цэргүүд Глейвиц дэх Германы радиостанц руу довтолсон, Зөвлөлтийн тусгай отряд 1939 оны 11 дүгээр сарын 26-нд Майнила тосгон руу, 1940 оны 6 дугаар сарын 15-нд Литов, Латышскийн хилийн боомтыг довтолсон ажиллагаануудыг таньд санагдуулж байна уу? Халх голын хувьд хэрэг явдал Монгол-Манж Го-гийн хил дээр бус Халхын гол дээр болох ёстой байсан учир Зөвлөлтийн тал баргууд Монгол руу  довтлохыг хүлээж байсан.

Гэвч баргууд ирж өгөхгүй байсан учир Японы талыг эрчимжүүлэхийн тулд оросууд өдөөн хатгасан байж болно. Халх голын тулалдаанд танкийн экипажийн бүрэлдэхүүнд алба хаасан, сүүлд нь Жуковын адъютантаар ажиллаж байсан хурандаа Михаил Воротников “5 дугаар сарын эхнээс эхлэн манай удирдах бүрэлдэхүүн Халх голын нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэл авч эхэлсэн. Тактикийн сургуулилтын дүнг хэлэлцэх үеэр Бригадын командлагч П.Яковлев Японы цэргийн довтолгооны талаар дэлгэрэнгүй ярьдаг байв.Тэрээр улам бүр өсөн нэмэгдэж томоохон дайнд хүргэж магадгүй Японы өдөөн хатгалгын талаар ярьж, Халхын гол биднээс хол байна гэхдээ шаардлагатай бол за та нар мэдэж байгаа шүү дээ гэдэг байлаа гэж дурссан байна. 5 дугаар сард дөнгөж эхлээд япончууд 10 хоногийн дараа дайрах байтал Монголд байрлаж байсан Зөвлөлтийн танкчид яг Халх гол дээр үйлдэгдэх Японы өдөөн хатгалгатай тулгарч тулалдана гэсэн чиглэл хэдийнэ авчихаад байжээ. 

 

Зөвлөлт-Японы талууд олзны цэргүүдээ солилцож байна. 1939 оны 9 дүгээр сар

Японы нисгэгчид. Халхын гол 1939 он

Константин Симонов

Зүүн талаас Армийн генерал Иван Федюнинский Монголын төлөөлөгчдийг хүлээн авч байна. 1969 он Москва.

 

Зөвлөлтийн цэргийн хорт хий эсэргүүцэх баг өмсөж, Оросын устгагдсан танкнаас тайлж авсан ДП-27 пулемёт барьсан япон цэргүүд. Халхын гол. 1939 он

Халх голд дайралтад орж буй орос цэргүүд  

Үргэлжлэл бий.

Г.Чойжилсүрэн.