Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын соёолон морьд дөнгөж сая барианд орлоо.

Хурдан соёолонгийн уралдаанд газар газрын шандаст 247 хүлэг бүртгүүлснээс 155 нь гарааны зурхай руу хөдөлсөн юм.

Аз хийморийн бэлгэдэл болсон соёолон морьдын уралдааны түрүү магнайд  Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн сартай зээрд, аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Сэрээтэрийн Баярсайханы халиун, айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулагийн сумын уугуул, Чинбатын Махбалын хүрэн, айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач  Сандагийн Нямжавын сартай хээр, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Цогт-Очирын Дамдин-Ядамын цоохор тус тус хурдаллаа.