Утсаар ярихад ийм хүндрэлтэй болчихсон гэж үү. Тэр тусмаа “Мобиком”-ын дараа төлбөрт хэрэглэгч байх хүсэлтэй монгол хүн нэг ч байхаа больжээ. Араасаа дагуултай асуудалд орооцолдох дуртай “Мобиком” корпорацийг монголчууд эсэргүүцэж байна.

Ингэх учир нь өмнө нь хэлж байсан Г.Ган-Эрдэнэ гэх нэгэн залуу өөрийн Твиттер болон фэйсбүүк хуудсандаа ингэж бичжээ “Дахиад л “Мобиком”-той холбоотой асуудал байна. Би анх дараа төлбөрт шинэ дугаар авахдаа 60 мянган төгрөгийн барьцаа өгсөн. Сүүлд ”Data” багцын гэрээ хийхдээ нэмж 20 мянган төгрөгийн барьцаа төлсөн. Ингээд нэр дээр маань 80 мянган төгрөг банкин дахь дансанд байрших ёстой. Гэтэл би саяхан Худалдаа хөгжлийн банкин дээр E-Banking үйлчилгээ нээлгээд бүх дансаа холбуултал Мобиком миний барьцааны дансанд 280 мянган төгрөг байршуулсан байв. Тэгэхээр 200 мянган төгрөгийг татвараас бултуулж байгаа мэт санагдлаа. Үүнийг шалгах хэрэгтэй байна” хэмээн хандсан байна. Тэгэхээр энэ татвараас зайлсхийсэн ганцхан иргэний дансан дээр 200 мянга төгрөгийг ямар нэгэн алдангигүйгээр байршуулж байгаа хэрэг гэсэн үг юм. Анх байгуулагдсан цагаасаа хойш Монголчуудыг Монгол Улстай нь хамт луйвардаад эхэлчихсэн үүрэн телефоны ганц оператор бол яах аргагүй Мобиком юм. Үүнийг олж харсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар “Мобиком” компанийг арван сая төгрөгөөр торгосон билээ. Ийм ч утгаараа “но”-той учраас л торгуулсан гэдгийг ард түмэн мэдэж авсан. Гэхдээ тэдний нэг удаагийн арван сая төгрөгийн торгууль бол зүгээр л нэг өдрийн хэдхэн хэрэглэгчээс олж авч чадах мөнгө юм. Нэг дараа төлбөрт хэрэглэгчийн дансанд 200 мянган төгрөг тусад нь байршуулж түүнийгээ тат­вараас зайлуулж чадаж байгаа нарийн ухаан зөвхөн “Мобиком” корпорациас л гарна. Үүнийг нь мэдэж байгаа хэрнээ аравхан сая төгрөгөөр торгож байгаа Шударга, өрсөлдөөн хэрэг­лэгчийн төлөө газрыг зэмлэмээр байна. Учир нь сарын суурь хураамжийн мөнгийг байхгүй бол­гоно гээд одоо болтол болоогүй л байна. “Мобиком”-ын өмнө О.Магнай дарга жулдаад байгаа юм биш үү. Арван сая төгрөгөөр тор­гуульчихаад хэнэг ч үгүй байгаа “Мобиком” корпорацийг хэн дий­лэх вэ гэдэг мөн л асуулт хэвээр үлдэх бололтой. Хэрэглэгчдийнхээ өмнө хүүхэд шиг загнаж байгаад л хэдэн цаасыг нь шулчихдаг тийм нэгэн аргыг “Мобиком” корпораци бодоод олчихож. “Card plus” гэж түү-нийгээ нэрийднэ. Сарын турш сүлжээндээ үнэгүй ярих эрх гэнэ. Монголчуудын хувьд дан ганц утсандаа эрх болгож үнэгүй ярьдаг үүрэн холбооны оператор бол “Мобиком” юм. Анзаарагдахгүй бай­гаа хэрнээ хэрэглэгчдээ ааж­маар шимдэг тогтолцоо шүү. Үнэхээрийн цэвэрхэн том төвтэй үйлчилгээ сайтай байж болохоор орчинтой “Теди” төв байна. Хэрэглэгчид олноороо үйлчлүүлдэг гол төв нь. Гэтэл хэрэглэгчдээ үл чирэгдүүлэх гэсэн ойлголт байхгүй юм. Хэрэглэгчтэйгээ харилцаж байхдаа өөр бусадтай ярьж ажлаа мартдаг ойворгон зан­тай үйлчилгээтэй нэг төв нь энэ. Хамгийн анхны 9911-тэй дугаар нь барьцааны мөнгө, гар утас нь ороод, дугаар харах үйлчилгээ энэ тэр гээд бусад жижиг сажиг бүх юм нь нийлээд 1000 ам.доллар байсныг энэ компанийн анхны хэрэглэгчид мэднэ. Гэхдээ энэ дугаар нь хэдэн саяар үнэлэгдэх болсон. Түүнээс хойш гаргасан дугааруудынхаа бүх үйлчилгээг энэ компани дотор нь нэг бүрчлэн хэсэгчлэн задалж үнэлсэн. Тухайлбал, өөр рүүгээ хэн залгасныг мэдэхийн тулд монголчууд дугаар харах үйлчилгээ гэгчийг мөнгө төлж байж авдаг байсан. Ширхгийн нэгжтэй байсныг мөнгөн дүнгээр тоо­цож болох илүү их ашгийг анх олж харсан байгаа юм. Энэ нь л анхнаасаа монголчуудыг луй­вардах аргын эх үүсвэр болсон юм. Анх гарсан 9911-тэй дугаараас залгаад гарсан 9909, 9908, 9900, 9999 гэх мэт дараа төлбөрт дугаарууд нь “Мобиком”-ын ашиг олж болох амжилттай аргууд байж чадсан. Тэд одоо ч гэсэн олсон олзондоо ханаагүй орлогоо нэмэгдүүлж луйвар хийсээр байна. Нэг өдрийн турш “Мобиком”-ын дараа төл­бөрт дугаарын 5000 хэрэглэгч хэрэглээгээ хаахад “Мобиком”-д томоохон цохилт болох байх хэмээн нэгэн залуу твиттер хууд-сандаа бичсэн байна. Үнэхээр л “Мобиком”-ыг гацаанд оруулах боломж зөвхөн монголчуудын гарт байгаа нь үнэн. Тиймээс  “2013оны дөрөвдүгээр сарын 5-ны 10 цагаас эхлэн нэг өдөр “Мобиком”-ын дараа төлбөрт хэрэглэгчид утсаа салгаж унтрааж эсэргүүцлээ илэрхийлье” хэмээн бас нэгэн залуу өөрийн твиттер хуудсандаа бичсэн байна. Тэгэхээр төрийн өмнө толгой гудайж үзээгүй “Мобиком”-ыг түмэн олон өөрсдөө шийтгэх нь дээ.

 

Э.Баясгалан