“Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцны 30 хувийг худалдан борлуулахгүйгээр энгийн журмаар түрээслэх, 30 хувийг түрээслэх замаар өмчлүүлэх, 40 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд ашиглахаар болсон. Түрээсийн орон сууцанд орох иргэдийн цахим бүртгэл даваа гарагаас буюу энэ сарын 22-нд эхэлнэ. Энэ талаар Нийслэлийн орон сууцны корпорациас мэдээлэл хийлээ. 

Түрээсийн орон сууц ирэх долоо хоногийн Даваа гаригт эхлэх бөгөөд 14 хоног үргэлжилж, наймдугаар сарын 5-нд дуусна.

НОСК-ийн захирал Б.Сүхбаатар “Багш, эмч гэх мэт хэн нэгэнд квот өгөхгүй. Мөн түрүүлж, сүүлд бүртгүүлсэн гэх мэтээр эрэмбэлэхгүй. Шаардлагыг хэрхэн хангаж байна вэ гэдгээс л хамаарна. Хэрэв тэтгэвэртээ гарсан ахмад багш бол ахмад гэдэг ангилалд, ажиллаж байгаа багш бол төрийн албан хаагч гэсэн ангилалд бүртгэнэ. Аль нэг байгууллага, мэргэжилд давуу эрх үүсэхгүй. Цахим ертөнцөд мөн худал мэдээлэл түгээж байгаа. Иргэдийг түүнд хууртахгүй байхыг хүсэж байна.  Одоогоор “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд нэг ч айл ороогүй, ямар ч гэрчилгээ өгөөгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна" гэсэн юм. 

Мөн агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой тул гэр хорооллын иргэд л орно гэв. Түүнчлэн орон гэргүй иргэд энэ байранд цахимаараа бүртгүүлээд орох боломжтой. Тэдэнд нийгмийн даатгал хамаарахгүй юм байна.

НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хариуцаж байгаа бөгөөд бүртгэл дууссаны дараа иргэдийг байранд орох эсэх ажлыг Орон сууцны сонгон шалгаруулах комиссын зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргах ажээ. “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд гурван төрлийн байр байгаа юм байна. Тухайлбал, байрууд нь 68.39, 49.39, 39.39 ам.метрийн хэмжээтэй гэнэ. Түрээслээд өмчлөх хэлбэрийн байр нь ам.метр нь 1.4 сая төгрөг юм байна.

Хэрэв 30 хувиа төлөөд байрандаа орсон бол хамгийн багадаа сард 280 мянган төгрөг төлөөд өмчлөх боломжтой юм байна. Харин хамгийн дээд хэмжээндээ сард ам.метрээсээ шалтгаалаад 1.6 сая төгрөг төлөөд өмчлөх гэнэ. Өмчлөхгүйгээр энгийнээр түрээслэвэл, ам.метрээсээ шалтгаалаад сард 137-411 мянган төгрөг төлөх юм.