Хэнтий аймагт зам тээврийн ноцтой осол гарч дөрвөн хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ. Тодруулбал тус аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Устын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 40 км-т автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага 2019.07.18-ны өдрийн 15:25 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, 1 автомашинтай 32 км зам туулан 16:05 цагт очиход  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Латио” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Ланд крузер-200” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.

Ослын улмаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн М /55 настай, эрэгтэй/, Б /42 настай, эрэгтэй/, С /32 настай, эмэгтэй/, А /4 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсан тул Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.

Харин Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны харьяат иргэн Ц /45 настай, эрэгтэй/, Т /45 настай, эмэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Хэнтий аймгийн Жаргалтхаан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.