Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах талаар өчигдөр мэдээлэл хийлээ. 

Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр: “Улаанбаатар хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож байна. Сар бүр импортоор 5,000-8,000 автомашин бүртгэгддэг. Эдгээрээс үүдэн нийслэлийн автозамын ачаалал өндөр байгаа тул ойрын жилүүдэд хотын зарим хэсэгт “0” зогсолт хийх магадлалтай болоод байна.

Автомашины түгжрэлийг бууруулах зохицуулалтыг хийхээр болсон.  Энэ хүрээнд нийслэлийг гурван бүст буюу А, В, С бүсчлэлээр авто замыг хувааж, замын хөдөлгөөний бүтцийг өөрчилнө. 

  • А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл талбай.
  • Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
  • С бүс нь дээр дуурдсанаас гадуур хэсэг буюу захын хороолол юм.

Тодруулбал, А бүсчэлд явж байгаа зам тээврийн хэрэгсэл үзлэг оношлогоонд ороогүй, тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй, торгуультай, даатгалаа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцох боломжгүЙ.

Харин В хэсэг дээр автомашин тэгш, сондгой дугаараараа замын хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр хотын төв хэсэг маань замын хөдөлгөөний ачаалал буурна гэж үзэж байгаа. С хэсэгт иргэд автомашинаа тавиад хотын төв хэсэг рүү нийтийн тээврийн унаанд сууж зорчино.  

Бүсчлэл дотор бүсчлэлийн тэмдгүүд байрлах бөгөөд стандартад орсон тул Бүсчлэлийн тэмдэг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Бүсчлэлийн хязгаар зөвхөн ажлын цагаар мөрдөгдөнө. Тиймээс бүсчлэл дотор амьдарч байгаа хүмүүст ямар нэгэн хүндрэл гарахгүй.

 АВ хэсэг дээр автомашины зогсоолыг хангалттай хүргэнэ. Одоогоор нийслэлд 2382 автомашин тавих зөвшөөрөлтэй автомашины зогсоол байгаа. Зөвшөөрөлгүй 5330 автомашины зогсоол, судлагдаж байгаа 7984 автомашин тавих зогсоол байгаа. Эдгээрийг нийт 15696 автомашин тавих боломжтой зогсоол энэ А, В бүсэд бий болгоно. Гэхдээ эдгээр зогсооол нь төлбөртэй байна” гэв.