Токио 2020 олимпийн наадам болон паралимпийн наадмын медалиудыг электроникийн хог хаягдлыг дахин боловсруулан гаргаж авсан түүхий эдээр бүтээх төсөл хоёр жилийн өмнө эхэлж байв. Тэгвэл олимпийн наадам эхлэхээс жилийн өмнө япончууд энэ зорилгоо биелүүлж чаджээ.

Токиогийн Олимп, Паралимпийн зохион байгуулах хорооноос өчигдөр медалийн загварыг танилцууллаа. Медалийн загварын санаа нь алдар хүндэд хүрэхийн тулд тамирчид өдөр бүр ялалтын төлөө тэмцэх ёстой гэсэн утгыг агуулжээ. Өнгөлсөн хурц ховил нь гэрлийг цацраах бөгөөд энэ нь тамирчид болон тэднийг дэмждэг хүмүүсийн эрч хүчийг бэлэгдэнэ. Үүнээс гадна спортын олон талт байдал, спортоор хичээллэж буй шаргуу хүмүүсийг хүндэтгэсэн утга ч багтжээ. Мөн олон хүмүүс гар гараа барилцан зогсож буй мэт дүрслэл нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн эв найрамдал, халуун сэтгэлийг илтгэж буй хэмээв.

Энэ удаагийн олимпийн наадамд тамирчид 33 спортын төрлөөр өрсөлдөх бөгөөд зохион байгуулагчид алт, мөнгө, хүрэл нийлсэн 5000 орчим медалийг бэлэн болгосон байна. Олимпийн медалийг хаягдал материал ашиглаж хийх энэ төсөл 2017 онд эхэлсэн бөгөөд нийт 30,3 кг алт, 4,100 кг мөнгө, 2,700 кг хүрэл оржээ. Энэхүү ажлын хүрээнд нийт 82 мянган тонн гар утас зэрэг цахилгаан хэрэгсэл цугларсан байна.

Өнгөрсөн хугацаанд төслийнхөн бараг 80,000 тонн хаягдал цуглуулж, боловсруулсны дотор 6.21 сая орчим хуучин гар утас байжээ. Үр дүнд нь 32 кг алт, 3,500 кг мөнгө, 2,200 кг хүрэл (зэс болон цайр) гаргаж авч чадсан аж.