Хаан банкны АТМ үе үе алдаа заадаг. Үүний улмаас иргэд хуулийн мэдлэггүйгээсээ болж ял авах тохиолдол гарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.  Энэ удаад дахин нэг хүн ял сонссон байна.

С.С нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Оюу толгой” ХХК-ийн барилгын 1 дүгээр давхарт байрлах ХААН банкны АТМ-д хохирогч Б.Байгалын орлогын мөнгө болох 775.000 төгрөгийг тушаахаар хийгээд буцааж авалгүй мартаж явсныг түүний дараа үйлчлүүлэхээр зогсож байгаад бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас түүнд 775.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан хэргээр ял сонссон байна.

Тэрбээр энэ хэргийн талаар “… ХААН банкны виза картаа хийхэд АТМ-ын мөнгөний савнаас 795.000 гараад ирэхээр нь тэр мөнгийг цүнхэндээ хийгээд өөрийнхөө данснаасаа 20000 төгрөгийг 54..............  дугаарын данс руу шилжүүлээд тэндээс гараад шууд гэр рүүгээ харьсан...”  хэмээн мэдүүлсэн байна.

Харин энэ хэргийн хохирогч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 18 цагийн үед Сүхбаатар. дүүргийн 1 дүгээр хороо, Оюу толгой ХХК-ны 1 давхарт байрлах Хаан банкны АТМ-д орлогын 780.000 төгрөг бэлнээр хийсэн юм. Тэгсэн чинь 5000 төгрөг буцаж гарч ирэхээр нь тэр мөнгийг аваад АТМ-ээс гараад явсан юм Удалгүй тэр мөнгө орохгүй байхаар нь Хаан банк руу залгаж асуухад ард талын чинь хүн авсан байна залгасан чинь би мэдэхгүй байна шалгаад дахиад холбогдъё гэж хэлсэн…” гэж мэдүүлжээ.

С.Сын бусдын гээгдэл эд хөрөнгө болох 775.000 төгрөгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзсэн. Улмаар С.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Өнөө цагт иргэн бүр хуулийн мэдлэггүй. Тиймдээ АТМ-ээс мөнгө гараад ирэх юм бол авах нь тодорхой. Харин ийм цаг үед алдаа гаргах хориотой Хаан банкныхан ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсанаас болж АТМ нь алдаа заасан. Үүний улмаас нэг биш хүн ял сонсоод байхад нэг алдаагаа удаа дараа давтаж байгаа тус банкинд ямар хариуцлага тооцох вэ?