Жил ирэх бүр Монголын “Youtube” хэрэглэгчдын тоо нэмэгдэж, зөвхөн үзэгчид төдийгүй контент бүтээгчид олширч байгаа билээ. Тэдний дунд 165 мянга гаруй хүмүүсийг нэг дор нэгтгэж, Монголд анх удаа танин мэдэхүйн чиглэлээр контент бэлтгэж буй нэгэн бол Б.Түшиг юм. 

Тэрбээр Францын Парис хотод амьдардаг бөгөөд түүний Youtube суваг Монгол дахь хамгийн их үзэгчтэй Youtube сувгууд болох Монгол HD телевизийн контент “Авьяаслаг Монголчууд”, “Voice” шоуны хуудас мөн “Mesmerism”, “Gremix” нарын араас тавт жагсдаг билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

 -Юун түрүүнд бидний хүсэлтийг хүлээж авсанд баярлалаа. “Mongolian Youtuber Tushig” гэхээр мэдэхгүй хүмүүс цөөхөн байх. Та анх яагаад Youtube суваг нээе гэж бодсон бэ?

-Би анх Youtube-ийг зөвхөн бусад хүмүүсийн бичлэгийг үзэх зорилгоор ашигладаг байлаа. Өөрийн хамгийн анхны бичлэгээ Youtube-д байршуулж байхдаа өөрийгөө яг Youtuber болно гэж төсөөлж байгаагүй. Эхлээд гадаад хэл сурч, гаднын бичлэгүүд үзэх болсноор дуртай Youtuber-үүдтэй болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа монгол хэл дээр хайлт хийхэд маш бага илэрцүүд гарч ирч байлаа. Ер нь тэр үеэс л би өөрөө монгол Youtube суваг яагаад нээж болдоггүй юм бэ гэж бодсон доо. Гэхдээ энэ санаа маань дотроо бодол төдий л байв. Харин нэг өдөр ээж маань надад камер бэлэглэсэн юм. Тэр бэлгийг хэрэглэхгүй байхад хэтэрхий хайран санагдсан учраас нэг өдөр фитнессдээ явахдаа камераа аваад гарсан. Тэрхүү влог дээрээ би “Бусдад үлгэр жишээ болж бас бусдаас суралцах зорилготой влог хийж эхэлж байна аа” гэж хэлж байсан юм. Ингэж “Хамтдаа хөгжицгөөе” сувгийн уриа анх төрж байлаа. Гэхдээ анхныхаа бичлэгийг одоо би зөвхөн өөрөө харах тохиргоотой болгосон байгаа. Учир нь уураг витамин их хэрэглэж байсан болохоор залууст буруу ойлголт өгөх байх гэхээс эмээж байна. Үнэндээ тэр үеэс хойш хоёр сарын хугацаанд л зөв галбиртай болоход заавал уураг витамин хэрэглэх шаардлагагүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрч байсан юм.

-Монгол Youtuber-үүд дунд “Silver Play Button”-ыг авсан цөөхөн хүн бий. Та уншигчдад энэ чухам юу болох талаар товчхон мэдээлэл хүргээч?

 -“Silver Play Button” гэдэг бол Youtube компаниас олгодог шагнал юм. Энэхүү шагналыг үзэгч нь 100 мянган хэрэглэгчийн тоо давсан сувгуудад олгодог. Youtube-ийн захирал Susan Wojcicki-ийн гарын үсэг захидалтай хамт ирдэг шагнал байгаа. Миний хувьд бол энэ шагналыг бариад баярлаад зогсож байна гэж ерөөсөө төсөөлж байгаагүй. Гадаад Youtuber-үүдийг тухайн үед авахыг нь хараад их гоё санагддаг байсан.

-Ажиглаад байхад анх та ихэвчлэн фитнесс бичлэгүүд оруулж байжээ. Фитнесс чиглэлээр сувгаа хөтөлнө гэсэн төлөвлөгөөтэй байв уу?

 -Сүүлийн үед фитнесс чиглэл рүү нээх орохгүй байгаа. Анх сувгаа эхэлж байхдаа бол зөвхөн фитнесс чиглэлээр хийдэг байсан. Өмнө хэлсэнчлэн үздэг Youtube сувгууд маань ч фитнесс чиглэлтэй байсан мөн дээрээс нь тухайн үед фитнессийн спортоор маш идэвхтэй хичээллэдэг байсан болохоор тэр байх. Одоо бол сонирхол хаашаа явна тэр чиглэлээрээ хийж байна.

- Та хэдэн жил фитнессээр хичээллэж байгаа вэ?

-Би бага байхдаа их туранхай, урт мөчтэй хүүхэд байсан болохоор бусдаас жаахан ичдэг байсан. Тиймээс булчингийнхаа массыг нэмнэ гэсэн зорилго тавиад гэртээ их дасгал хийдэг байлаа. Гэхдээ яг идэвхтэй хичээллэж эхлээд дөрвөөс таван жил болж байна. Тэрнээс өмнө дундаас нь хаяж, буруу хооллож, чанаргүй хичээллэд эг байсан юм шиг санагддаг. Гэхдээ ойрын хугацаанд том булчинтай байх гэхээсээ илүүтэйгээр эрүүл мэнд, уян хатан байдал тал дээрээ анхаарч байгаа.

 - Бичлэгүүдийнхээ санааг хэрхэн гаргадаг вэ. жишээ нь "эвгүй баримтууд" цувралыг хийе гэсэн сэдэл хэзээ, хэрхэн төрөв?

-Бичлэгүүдийн санаа янз бүрийн байдлаар орж ирдэг. Энгийн бодож байсан бодол, уншиж байсан ном, үздэг Youtuber-үүдээс гэх мэт. “Эвгүй баримтууд”-ын хувьд би гадаадын иймэрхүү төрлийн бичлэгүүд үзэж байгаад эх хэл дээрээ үзмээр санагдаад хайлт хийхэд гарч ирээгүй. Тэгээд удаан эргэлзэж бодсоны эцэст энэ чиглэлээр бичлэг хийхээр шийдсэн. Яагаад эргэлзсэн бэ гэвэл нэг нөхөр гарч ирээд харь гариг, нууц бүлгэмүүдийн талаар ярьж эхлэхэд хүмүүс юун галзуу нөхөр гараад ирэв гэж бодож магадгүй хэмээн эмээж байв. Гэхдээ аз болоход хүмүүс их эерэгээр хүлээж авсан.

-Таны хийсэн аль ч бичлэг асар их баримт, нотолгоо, судалгаан дээр үндэслэдэг. эдгээр мэдээллээ хаанаас авдаг вэ?

 -Миний судалгааны дийлэнх нь интернэт дэх мэдээлэл дээр суурилдаг. Зарим тохиолдолд номын сангаас мэдээлэл хайдаг. Манай сургуулийн номын сан их том, сонголт өргөнтэй учраас их амар байдаг юм. Гэхдээ аль, аль аргад нь өөрийн сул ба давуу тал бий. Интернэт дээр судалгаа хийхэд цаг их хэмнэх ч мэдээллийн үнэн зөв байдлын хувьд шууд итгэхэд эргэлзээтэй байдаг. Харин номын хувьд цаг арай их ордог ч мэдээллийн баталгаатай байдлын хувьд эргэлзээ төрүүлдэггүй юм. Тийм учраас би аль болох олон эх сурвалж ашиглаж голоос нь хамгийн үнэн мэдээлэл олох гэж хичээдэг.

-Бидний үзэж байгаа 20-30 минутын бичлэгийн ард хоёр, гурван өдрийн хүч хөдөлмөр байдаг байх. нэг бичлэг хийхийн тулд хэчнээн хугацаа зарцуулдаг вэ?

 -Энэ талаар яг нэг хариулт өгөхөд их хэцүү. Зарим бичлэг 30 минутад бэлэн болж байхад зарим нь арав хонож бэлэн болох тохиолдол байдаг. Жишээ нь Reaction төрлийн бичлэгүүд хамгийн бага цаг шаарддаг байхад “Эвгүй баримтууд”-д хамгийн их цаг зарцуулдаг. Яагаад гэвэл бусдаасаа арай илүү судалгаа бас боловсруулалт хийгддэг юм.

-"Эвгүй баримтууд" цуврал эсвэл таны хааяа оруулдаг аймшгийн богино түүхүүдийг шөнө ганцаараа үзэж чаддаггүй гэж хүмүүс ярьдаг. гэтэл энэ бичлэгийг хийхийн тулд та бидэнд үзүүлж байгаагаасаа ч илүү аймар зүйлсийг хардаг байх?

 -“Эвгүй баримт” дээр гарч байгаа зүйлс бол бодит түүхийн зөөлрүүлсэн хувилбар нь гэсэн үг. Яагаад гэвэл Youtube дээр хэт эвгүй зүйлс гаргавал monetization буюу бичлэгээс орлого олох боломжийг хасчихдаг. Миний хувьд иймэрхүү нууц мэдээллүүдийг судлах нь эхэндээ их жийрхэл төрүүлдэг байсан. Ойролцоогоор гурван сар хийсний дараагаар айж эмээх маань багассан. Гэхдээ одоо дотор арзайх үе байдаг ч үзэгчид маань их хүлээлт өндөртэй байдаг болохоор тэсээд л гардаг даа.

 - Та өөр цуврал эхлүүлэх бодолтой байна уу?

-Миний толгойд маш олон бичлэг, цувралын санаанууд эргэлдэж байдаг. Гол нь цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байгаа учраас одоохондоо өөр цуврал эхлүүлэх бодолгүй л байна. Гэхдээ ирээдүйд юу болохыг харж байя.

-Муис-ийг төгссөн гэж сонссон. ямар мэргэжил эзэмшсэн бэ?

-Би МУИС-ийн Бизнесийн сургуулийг худалдааны менежмент мэргэжлээр 2014 онд төгсөж байсан. -хэзээ Франц улсыг зорив. суралцахаар явсан уу? -МУИС-ийг төгсөөд хагас жилийн дараа Франц Улсыг зорьж байлаа. Тухайн үед манай ээж Франц улсад элэгний эмчилгээ хийлгэдэг байв. Мэргэжлээрээ Монголд дөнгөж ажилд орсны дараа ээж маань над руу залгаж бие нь муудаж байгааг хэлсэн юм. Тэр үед би маш том сонголтын өмнө ирсэн. Мэдээж ээж маань тухайн үед намайг өөрөөс нь болж энд авчрах сонирхолгүй байсан. Намайг Монголдоо хүссэн ажилдаа орсон учраас үлдэж ажиллахыг хүссэн байх. Гэхдээ гэр бүл хамгийн чухал учраас би Франц руу явж өвчтэй ээж болон гурван настай дүүдээ хань болох шийдвэрийг гаргаж байв. Одоо бодоход миний амьдралдаа хийсэн хамгийн ухаалаг шийдвэр байжээ. Яагаад гэвэл ээжийн маань элэг маш хүнд өвчтэй байсан. Маш хүчтэй эм ууж, олон удаа түргэн дуудах шаардлага гардаг байв. Олон сарын дараа ээж маань эмчилгээний хүнд шатаа давж чадсан. Ээжийн маань бие нэгэнт сайжирсан учраас би өөрийгөө хөгжүүлэхийг хүсч их сургуульд суралцах болсон. Бүтэн жил франц хэл сурч шалгуулсны эцэст Парисын “Sorbonne”-ны их сургуульд сурах эрхтэй болсон.

-Ямар мэргэжлээр суралцаж байна вэ?

- Гадаад хэл , маркетингийн чиглэлээр сурдаг. Сургуулиа төгсөхөд нэг жил дутуу боловч Youtube суваг дээрээ төвлөрч ажиллах хэрэгтэй учраас түр хичээлээсээ чөлөө авсан байгаа.

 -Та нутгаа санаж л байгаа биз. хэзээ буцаж ирэх вэ?

 -Мэдээж саналгүй яахав. Энд дуусгаж амжаагүй ажлын төлөвлөгөө их байгаа болохоор одоохондоо буцах хугацаа тодорхойгүй л байна. Гэхдээ ер нь бол Монголдоо амьдарч ажиллана гэж боддог.

-Youtuber болоод таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

 -Хамгийн том өөрчлөлт гэвэл өөр шигээ олон мянган Монгол залууст эерэгээр нөлөөлж санал бодлоо солилцох боломжтой болсон. Мөн хаана ч явсан дэмжигчидтэйгээ таарч урмыг үг сонсох нь амьдралд минь гарсан томоохон өөрчлөлт гэж боддог.

 -Гэр бүлийнхэн тань ямар хандлагатай байдаг вэ. Таны бичлэгүүдийг үздэг гэнэ үү?

-Би ер нь өөрийгөө их азтай хүн гэж боддог. Яагаад гэвэл аав ээж хоёр маань бага байхаас минь эхлээд л бүх зүйлийг маань дэмждэг байсан. Миний энэ хүртэл хүрсэн, бас ирээдүйд хүрэх бүх амжилтын маань хамгийн том нөлөө энэ хоёр хүнтэй холбоотой .

-Өмнө нь нэвтрүүлэг хөтөлж байсан уу. Телевизийн салбарт хүч үзэх сонирхол байна уу?

-Оюутан байхдаа их зүйл хийж үзэхийг хүсдэг байлаа. Тэр ч утгаараа эхний хоёр жил сагсан бөмбөгөөр хичээллэж дээд лигт хүртэл тоглож байсан. Гэхдээ сэлгээнд байсан л даа. Оюутны дараагийн хоёр жилдээ загвар өмсөхийнхөө хажуугаар “Seven” телевизийн “Star Show” гэдэг нэвтрүүлгийг долоо хоногт гурван удаа хөтөлдөг байсан. Одоо бодоход тэр үед л камерын өмнө ярих чадварыг олж эхэлсэн юм шиг байгаа юм.

-Таны дэмжигчдийг "Tushig Army" гэж нэрлэдэг. Тэднээс ирж байсан хэзээ ч мартагдахааргүй урмын үг юу байсан бэ?

-Анх нэг үзэгч маань “Tushig Army” гэдэг хэллэгийг надад инстаграм хуудсаар минь санал болгож байсан. Тэгээд угаасаа “Хамтдаа хөгжицгөөе” гэсэн нэг зорилгын дор цэргүүд шиг нэгдэж чадсан учраас энэ нэршил надад их таалагдсан юм. Надад дэмжигчдээс минь маш их урмын үг ирдэг. Ер нь шууд хэлэхэд бүгдээрээ л гоё үнэ цэнэтэй байдаг. Заримдаа шантрах мэдрэмж авахдаа инстаграм мессэжүүдээ шалгахад л хангалттай байдаг шүү.

-Шүүмжлэлд өртдөггүй хүн гэж байдаггүй. Тэр тусмаа ямарваа нэгэн зүйлийг хийж, бүтээж байгаа хүнд шүүмж ирэх нь олон. гэвч учир утгагүй сөрөг сэтгэгдлүүд бичдэг олон хүн байдаг шүү дээ. Танд тэд хэрхэн нөлөөлдөг вэ. Үүнийг яаж даван туулдаг вэ?

-Би Youtube сувгаа идэвхтэй ажиллуулахынхаа өмнө ном уншихад маш их цаг зарцуулдаг байсан. Ер нь бол мэдлэгт донтсон байсан гэж хэлж болно. Ихэнхдээ хүмүүс хоорондын харилцаа болон сэтгэл зүйн сэдэвтэй номуудыг их сонирхож уншдаг байлаа. Энэ утгаараа хүмүүсийн сэтгэхүйд шүүмжлэл хэрхэн нөлөөлдөг, үүнтэй яаж зохицох талаар өөрийгөө бэлдсэн байсан гэж хэлж болно. Youtube суваг эхлүүлэх гэж байгаа залуус бас үүнийг уншиж байгаа бол сэтгэл зүйгээ бэлдэж бусдын сэтгэгдэлд авах гээхийн ухаанаар хандаж сурах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Яагаад гэвэл хүний үг, тэр тусмаа сөрөг үг маш хүчтэй байдаг учраас үүнтэй хэр эрт харьцаж сурна, төдий чинээ хэрэгтэй.

 - Youtube сувгаар мөнгө олж болохыг манай оронд хүмүүс тэр бүр мэддэггүй. Таны хувьд Youtube сувгаасаа хэр их ашиг олдог вэ. энэ талаао хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

 -Миний Youtube-ээс олдог орлого сар бүр өөр байдаг учраас яг тодорхой хэлэх боломжгүй. Европын оронд амьдарч байгаа миний хувьд өөр ажил хийхгүйгээр санхүүгийн асуудалгүй амьдардаг гэхэд баримжаа гарах байх. Youtube-ээс мөнгө олох маш олон арга байдаг. Хамгийн түгээмэл аргууд гэвэл бичлэг гарахын өмнө автоматаар гардаг зар сурталчилгаа, спонсор байгууллагуудтай хамтарч ажиллах, хэвийн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж суваг дээрээ байршуулах зэрэг байна.

 -Youtube суваг нээх гэж байгаа, нээх хүсэлтэй хүмүүст зөвлөгөө өгөөч?

 - Сүүлийн үед энэ талаар маш олон асуултууд ирж байна. Миний өгөх хамгийн чухал зөвлөгөө бол өөрийнхөө сонирхолтой сэдвээр сувгаа хөтлөх хэрэгтэй . Хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа юу вэ гэвэл өнөөдөр Youtube суваг эхлүүлээд маргаашаас нь хүмүүс үзээд эхэлнэ гэж боддог. Youtube өөрөө багагүй цаг хугацаа шаарддаг. Би жил гаруй хугацааны дотор сувгаа хөгжүүлсэн ч үүнээс өмнө маш их судалгаа хийж, туршлага хуримтлуулсан. Өөрийнхөө сонирхолтой сэдвээр бичлэгээ хийх нь урт хугацаанд тууштай байхад тусалдаг. Мэдээж хэн ч дургүй сэдвээрээ удаан хугацаанд бичлэг хийж чадахгүй шүү дээ.

-Бусад монгол Youtuber-үүдтэй хамтарч ажиллах бодол байна уу. ер нь хоорондоо холбоотой байдаг уу?

-Youtube дээр бусадтай хамтарна гэдэг хүрээллээ өргөжүүлэхэд болон сувгаа хөгжүүлэхэд ч тэр эерэгээр нөлөөлдөг. Би ч өөрөө нээлттэй хүн болохоор анхнаасаа завтай л бол бусад Youtuber-үүдтэй хамтрахаас татгалзаж байгаагүй. Одоо цөөхөн хэдэн Youtuber-үүдтэй л холбоотой байгаа. Мэргэжил нэгт хүмүүстэйгээ ер нь холбоотой байж жаргал зовлонгоо ярилцаж , туршлага солилцох их сайхан байдаг.

-Та Youtube хуудсаараа дамжуулан нийгэмд ямар мессэж илгээхийг зорьдог вэ?

 -Өмнө нь хэлсэнчлэн миний сувгийн хамгийн том зорилго бол дэлхий даяар байгаа монгол залуусыг интернэт ертөнц дор нэгтгэж, хамтдаа хөгжих боломжийг бүтээхийг зорьдог. Эргээд харахад 165 мянга 581 хүнийг сувагтаа нэгтгэж чадсан байна. Нэг тоо бүрийн ард нэг монгол хүний сэтгэл зүрх, зорилго оршин байгаа гэж бодохоор технологи бидэнд асар их боломжийг өгч байгаагийн нэг жишээ гэж харж болно. Гэхдээ энэ бол дүгнэлт биш, энэ бол үйл явц. Цаашдаа ч бүр олон хүний амьдралд эерэгээр нөлөөлж чадна байх гэж найдаж байна.

-Хоёулаа яриагаа энэ хүрээд өндөрлөе. залуусыг эерэг зүйлд уриалсан олон бичлэгүүд хийгээрэй. Танд амжилт хүсье.

 -За баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье.

эх сурвалж: Үндэсний шуудан сонин