Хөдөө орон нутгийн замууд дунд хамгийн их хөдөлгөөний ачаалалтай, осол их гарч байгаа нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам боллоо.

Энэ чиглэлийн замд осол их гараад байгаа шалтгааныг тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, хошууч Д.Бат-Эрдэнээс тодруулга авахад "Дархан-Улаанбаатарын зам засварыг таван компани гүйцэтгэж байгаа. Эдгээр компани түр буюу сайжруулсан шороон замыг байгуулсан. Хайрга асгасан боловч зарим хэсэгтээ намаг, шавар ихтэй газруудад машин суух, хөрвөөж унах тохиолдол бороо ихтэй үед олон гарсан. Ер нь ослын бүртгэл судалгааг харахад зам засварын ажил эхэлснээс хойш ихэвчлэн хоорондын зайг буруу барьснаас үүдэлтэй осол их байна. Тоосжилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал тул өмнөх машинаа харахгүй араас нь мөргөж байна. Түүнчлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их гарч байгаа. Аймаг, сумдын тэмдэглэлт ой их тохиож байна. Баяр наадамд оролцож, согтууруулах ундаа хэрэглээд хөдөө газар намайг хэн зогсоох юм хэмээн жолоо барьдаг. Үүнээс гадна хаагдаагүй хэсгүүд буюу хатуу хучилттай зам дээр хурд хэтрүүлж байна. Шороон зам дээр бухимдаж явж байгаад хатуу хучилттай зам руу гарангуут хурд хэтрүүлдэг. Ингэж давхиж байгаад өмнөх машинаа мөргөх, эсрэг урсгал руу орж аваар гаргах, гүйцэж түрүүлж байгаад гэнэт огцом дарж урдуур нь орж байна. Гэхдээ өмнөх жилүүдтэй харьцуулахад Дарханы замд хүн нас барсан осол буурсан. Энэ нь 24 цагийн турш хөдөлгөөнт эргүүл хийж байгаатай холбоотой. Жолооч нарын хамгийн их бухимдаж байгаа нэг зүйл нь борооны усанд түр тавьсан зам амархан эвдэрч, том нүхнүүд гардаг. Үүн дээр машиныхаа дугуйг хагалах, эвдэх тохиолдол маш их бүртгэгдэж байгаа. Өмнөх машины дугуйнаас чулуу үсэрч салхины шилээ их хагалж байна" гэсэн юм.

Тус замуудын засварын ажилтай холбоотойгоор тавьсан шороон замаас болж осол их гарч байгаа тул гүйцэтгэгч таван компанид мэдэгдэж, засахыг шаардаж байгаа аж.