Допинг тойрсон маргаан үргэлжилж байна. Баяр наадамд шөвгөрсөн 15 бөх “Миний шинжилгээнээс допингийн төрлийн бодис илрээгүй” гэж мэдэгдээд байсан. Харин өнөө жилийн улсын их баяр наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд Авто тээврийн 80 жилийн ойд зориулсан барилдааныг дундаас нь орхиж явснаас хойш сураг чимээгүй байсан юм. Допинг хэрэглэж улсын наадамд түрүүлсэн гэх шуугианыг нийгэмд дэгдээгээд байсан тэрбээр өнгөрсөн бямба гаригт мэдэгдэл хийлээ.

Улсын их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболд допингийн шинжилгээнд бүдэрсэн нь олонд ил боллоо. Дэлхийн томоохон тамирчид ч допингийн асуудалд холбогдоход ийм жишгийн тайлбар хийдэг. Саяхан дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон допингийн шинжилгээнд бүдэрчихээд “Миний хоолонд допинг хийчихсэн байна” гэх тайлбар хийгээд дөрвөн жилээр эрхээ хасуулж байсан. Шинэ аваргын тайлбар ч үүнтэй агаар нэг.

Ямартаа ч Э.Оюунболд аварга баяр наадмын зохион байгуулах коммист хандаж өмнөх жилийн баяр наадмуудын бөхийн барилдааны допингийн шинжилгээний хариуг нийтэд ил болгохыг шаардсан бичиг хүргүүлсэн байна.

БӨХЧҮҮДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ШЭЭСИЙГ СОЛЬЖ, ХОЛИХ БОЛОМЖТОЙ ЮУ

Бөхчүүдийн допингийн шинжилгээний үйл явц нүднээс далд байдаг нь бөхчүүдийн шинжилгээний хариунд “но” ордог гэх хардлагыг спортын хүрээнийхэнд төрүүлдэг. Бид энэ талаар Допингийн эсрэг үндэсний төвийн эх сурвалжаас тодрууллаа.


-Баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийг допингийн шинжилгээнд хамруулдаг. өнөө жилийн улсын их баяр наадмын түрүү бөх допингийн асуудалд холбогдсон нь том шуугиан тариад байна. Улсын аварга Э.Оюунболд “Миний шээсийг сольсон байна” гэж мэдэгдсэн байсан. шинжилгээний явцад шээс солигдох боломжтой юу?

-Тийм тайлбар хийсэн байна лээ. Шээс солигдох үндэслэлгүй. Шээсний савны дээд хэсэгт улаан гогцоо байдаг. Түүнийг нь аваад таглахад шилийг дахин гараар онгойлгох боломжгүй болдог. Лаборатори дээр тусгай аппаратаар л нээнэ. Сав болон хайрцаг нь ижил дугаартай байдаг. Сав шээс солигдох ямар ч боломжгүй.

-Бнсу-аас ирсэн шинжилгээний хариуг таван хүн байлцаж задалдаг гэсэн. Энэ жил хоёр хүн л өөд өөдөөсөө харж байгаад задалчихсан юм уу?

-Үгүй. Бүх үйл явц ном журмын дагуу болж өнгөрсөн.

-Допингийн шинжилгээнд бөхчүүд бүдрэх нь хэвийн үзэгдэл болжээ. Баяр наадмын бус үеийн шинжилгээнд ч хэд хэдээрээ унаж байна. Энэ юутай холбоотой вэ?

-2003 оноос хойш баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийг допингийн шинжилгээнд хамруулж эхэлсэн. Допингийн эсрэг үндэсний төвөөс тамирчдад зориулж допингийн эсрэг сургалтыг долоо хоног бүр зохион байгуулдаг. Тамирчид ч танхим дүүрэн ирж идэвхтэй оролцдог. Харин үндэсний бөхийн тамирчид сургалтад оролцохдоо их хойрго ханддаг. Тав зургаахан л хүн ирнэ. Өөрсдөө мэдлэггүй байна л даа” гэж хэлсэн юм.

Баяр наадмын тухай хуульд допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхийн барилдах эрхийг хоёр хүртэлх жилээр хасах юм уу тухайн баяр наадамд үзүүлсэн амжилтыг хүчингүй болгох гэсэн заалт бий. Тухайн бөхийн хэрэглэсэн бодисын үйлчлэл, нөлөөллөөс шалтгаалж шийтгэл өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Цол хураах болон нөхөж олгох асуудал нь Баяр наадмын комисс болон Ерөнхийлөгчийн эрхийн хүрээнд шийддэг асуудал юм.

Улсын арслан Х.Мөнхбаатар шинжилгээнд бүдрэхэд зөвхөн шөвгөрсөн амжилтыг нь хүчингүй болгож байсан бол улсын начин Б.Сугаржаргалын барилдах эрхийг зөвхөн зургаан сараар хасч байсан. Н.Адьяабат, Б.Суманчулуун нар шинжилгээнд бүдрэхэд шууд цолыг нь хурааж байсан удаатай.

Энэ сарын 19-ний өдөр Баяр наадмыг зохион байгуулах комисс, бөхийн салбар хорооноос баяр допингийн шинжилгээн хэн бүдэрснийг зарлах учиртай. Шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд “А” сорьцын шинжилгээний хариуг зөвшөөрсөн тохиолдолд тэр шүү дээ. Хэрэв татгалзсан тохиолдолд зарлах тов дахин нэг сараар хойшилно гэсэн үг.

Нэг бөхийнх нь шинжилгээнээс допингийн төрлийн дөрвөн төрлийн бодис илэрсэн талаар бөхийн салбар хорооноос мэдэгдсэн. Хэрэв шинэ аваргын шинжилгээнээс ийм олон төрлийн бодис илэрсэн тохиолдолд барилдах эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, аварга цолыг нь хураах магадлалтай.

О.ДАШНЯМ