Засгийн газрын бонд, түүний худалдан авалт, зарцуулсан хүү, төлбөрийн байдалд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан хийсэн. Уг тайланд Засгийн газрын үнэт цаасны төлбөрт 2018-2031 онд 14.0 их наяд төгрөг төлөхөөр тусгасан байгааг хүргэж байна. 

Засгийн газрын өрийн үлдэгдэл 22,751.6 тэрбум төгрөгт хүрч ДНБ-д харьцуулсан харьцаа 2017 оны эцэст 74.4 хувь болж буурсан нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон хязгаар 85 хувиас хэтрээгүй байна.

Засгийн газрын нийт өрийн үлдэгдлийн 49.1 хувийг ЗГҮЦ-ны өрийн үлдэгдэл эзэлж  байгаа нь Засгийн газрын өрийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөө ихтэй гэдгийг харуулж байна.

Засгийн газар “Олон Улсын Валютын Сангийн шинжээчдийн Зах зээлд нэвтрэх боломжтой улс орнуудад зориулсан өрийн тогтвортой байдлын шинжилгээ хийх аргачлал” -д заасан өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлт, зохистой харьцаа, шинжилгээ хийсний үндсэн дээр үнэт цаас гаргадаг туршлагыг харгалзан үзэх нь зүйтэй.

2012-2017 онд ЗГҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлбөрийн ДНБ-д эзлэх хэмжээ нэмэгдэж ирсэн байна.

ЗГҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлбөр 2017 онд ДНБ-ий 20.9 хувь, төсвийн нийт зарлагатай харьцуулахад 63.1 хувьтай тэнцэхээр байна. Энэ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас 9 дахин, цалингийн зардлаас 3 дахин их дүнтэй байгаа нь улсын төсөвт дарамт учруулахуйц түвшинд байгааг харуулж байна.

Зөвхөн 2017 онд ЗГҮЦ-ны хүүгийн төлбөрт 960.8 тэрбум төгрөг зарцуулсан нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй сургуулийн дундаж төсвөөр тооцоход 640 хүүхдийн суудалтай 192 сургуулийн барилга эсвэл 150  хүүхдийн ортой цэцэрлэгийн дундаж төсвөөр тооцоход 533 цэцэрлэгийн барилга барих боломжийг алдсан гэдгийг харуулж байна.

ЗГҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлбөрт 2018 онд 2.9 их наяд төгрөг төлөх бөгөөд 2018 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн  нийт зарлагын дүнтэй харьцуулахад 30.2 хувьтай тэнцэхээр байгаа нь төсвийн хүлээгдэж буй тэнцэлд сөрөг нөлөө үзүүлж хэрэгцээт эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр байна. Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаасны хүлээгдэж байгаа төлбөрийг харуулбал,

Цаашид улсын нэгдсэн төсөв алдагдалтай батлагдаж буй байдал үргэлжилсээр байх тохиолдолд Сангийн яам дахин үнэт цаас гаргах замаар Засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдэж ЗГҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлбөр өсөх эрсдэлтэй байна.

ЗГҮЦ-ны өрийн үлдэгдлийг ДНБ-д харьцуулсан харьцааг авч үзвэл 2016 онд 22.9 хувь, 2017 онд 12.7 хувь байгаа нь УИХ-ын 2015 оны 51 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичигт заасан зорилтот түвшинээс 2016 онд 10.9 хувиар, 2017 онд 2.2 хувиар тус тус хэтэрсэн байна.

2016 онд уг харьцаа 10.9 хувиар хэтэрсэн нь Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор 1,000.0 тэрбум төгрөгийн үнэт цаас, “Сайн хөтөлбөр”-үүдийг санхүүжүүлэх зорилгоор 596.0 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасантай холбоотой байна.

Тайлант онд Засгийн газрын нийт үнэт цаасны үлдэгдлийн 68.9 хувийг ам.долларын гадаад үнэт цаас эзэлж байгаа бөгөөд валютын ханшийн хэлбэлзлээс хамаарч эргэн төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдэх, төсвийн зардалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна.

Иймд Сангийн яам валютын ханшийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх олон улсад хэрэглэгддэг санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Өрийн удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийн багцын оновчтой бүтцийг бий болгох, эрсдэлийг зохистой удирдах зорилгоор стратегийн баримт бичигт тусгасан өрийн зохицуулалтын дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж болно” гэсний дагуу Сангийн яам өрийг дахин санхүүжүүлэх арга хэмжээг авч 2018-2023 онд төлөгдөх 370.6 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг буцаан худалдан авсан байна.

Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаасны хүүгийн төлбөрт 2012-2017 онд нийт 2.7 их наяд төгрөг зарцуулсан бөгөөд нэгдсэн төсвийн зарлагын дүнд хүүгийн зардлын эзлэх хувь хэмжээ тогтмол нэмэгдсээр 2017 онд нийт нэгдсэн төсвийн зарлагын 12.9 хувь буюу 960.8 тэрбум төгрөгт хүрчээ.

Цаашид 2018-2031 онуудад ЗГҮЦ-ны үндсэн төлбөрт 11.2 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 2.8 их наяд төгрөг төлөхөөр байгаа нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулж ажиллах шаардлагатайг харуулж байна.