Цэцэрлэгийн багачуудын хоол & Сурагчдын үдийн цайг анхаараач сайд аа! хэмээн өнгөрөгч хавар нийтэлж байсан билээ. Үүний үргэлжлэл болгон намар цаг болж сургууль, цэцэрлэг цуглах цаг хэдийнээ болсон учир "нэмэх" санаагаа учирлаж байна.

Ийн учирлахын учиг нь цэцэрлэгийн хүүхдүүд орой эцэг, эхээ очиж авахад маш их өлсөж, ундаашсан байдаг. Үүнийг наад захын цэцэрлэгт хүүхдээ хүмүүжүүлж байгаа иргэн хэлнэ. 

Өмнө нь цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг эцэг, эх, асран хамгаалагч нар төлдөг байсан нь хэн хэндээ амар байж. Гэхдээ нөгөө талаар, хоолны мөнгөнөөс үүдэж хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй асуудал байснаас төсвийн мөнгөнөө төсөвлөж олгох болсон. Харин энэ шийдвэрийг эргэн нэг харах цаг хэдийнээ иржээ. Тухайлбал, БГД-т байрлах улсын нэгэн цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдүүдэд өгдөг хоолны цэсэнд нь "чинжүүтэй хуурга" оруулсан байгаа юм. Гэтэл чинжүү бага насны буюу 2 настангуудын ходоодонд хэр оновчтой сонгол вэ? Хоол судлаачдын олон амин дэмээр баялаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэсийг боловсруулан гаргасан байдаг. Гэвч амьдрал дээр тэр нь хэрэгжихгүй байна. Энэ нь нөгөө талаас улсын төсвөөс нэг хүүхдэд оногдуулах хоолны мөнгөнөөс үүдэлтэй хэмээн эцэг, эхчүүд үздэг. Нөгөөтэйгүүр, хүүхдийн өсөлт бойжилтод муу нөлөө үзүүлж буй гэдэг нь ч тогтоогдчихсон.  Тав хүртэлх насны хүүхдийн 90 хувь нь “Д” амин дэмийн дутагдалтай. Мөн тав хүртэлх насны хүүхдүүдийн 9.5 хувь нь “А” амин дэмийн дуталтай, 60.1 хувь нь тус амин дэмийн нөөц бага гэж гарсан. Мэдээж хоол хүнсээрээ дээрх амин дэмээ авах ёстой гэдгийг хэн ч ойлгочихно гэтэл эрх баригчид мэдэхгүй байна. 

Үүгээр ч зогсохгүй  цэцэрлэгийн хүүхдийн өдөрт авах илчлэгийн хэмжээ зөвлөмжөөс 310 ккал-иар бага байгаа талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар цэцэрлэгийн хоол хүнсний хэрэглээнд үнэлгээ хийсэнд онцлогдсон. Тодруулбал, сүү цагаан идээний хэрэглээ 9.2, хүнсний ногооны хэрэглээ 42.3, жимс жимсгэнийн хэрэглээ 76.1 хувиар бага гарсан бол махны хэрэглээ зөвлөмж хэмжээнээс 20, гурил 3.1, будаа 62, чихэрлэг хүнсний хэрэглээ 45 хувиар тус тус их гарчээ.

Одоогийн байдлаар цэцэрлэг дээрээ нэг хүүхэд өдөрт 1650 төгрөгийн хоол иддэг. Өдрийн гурван удаа хоол өгнө гэж үзвэл нэг удаагийн хоолонд нь хэдэн төгрөг зарцуулагдаж байгаа нь ойлгомжтой. Харин 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн хүүхэд 2400 төгрөгийн хоол иддэг нормийг төрөөс тогтоож өгсөн нь хэвээр мөрдөгдөж байгаа юм. 

Үдийн хоол уу, цай юу гэдэгт эцэг, эхчүүд ихээхэн эргэлздэг. Олонтаа сурагчид үдийн цайнаасаа хордлого авсан асуудал өнгөрсөн жилүүдэд багагүй гарсан. Тэгвэл энэ жилийн сургуулийн хүүхдийн үдийн цайг "үдийн хоол" болгож өөрчлөх нь бас л нэн шаардлагатай ажил болоод байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд хамаг цагаа өнгөрүүлдэг хоёр дахь гэртээ чанартай хоол, хүнс хэрэглэх эрх бий. Жил ирэх тусам цэцэрлэгт элсэн суралцах нэмэгдэж байгаа. Түүнийгээ дагаад хоолны зардал улсын төсөвт "дарамт" болж ч мэдэх талтай.