Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх байсан ч техникийн саатлын улмаас хойшилсон билээ.

Энэ үйл явдлын дараа УИХ-ын Тамгын газрын техникийн хэлтсийн дарга утсаа салгаад “алга” болсон гэх мэдээлэл цахим сайтуудаар гарсан. Түүнчлэн ТЕГ-аас хайж буй гэх мэдээлэл ч мөн цацагдаж эхэлсэн.  Энэ саатлын үеэр зарим гишүүд улс орны чухал асуудал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх гэж байхад чуулганы хуралдааныг зориудаар гацаахаар оролдож байна гэж хардцгааж байсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар ч мөн хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн тодотгоод авсан. 

Тэгвэл энэ хэрэг хорлон сүйтгэх ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэх хардлага байна. Учир нь УИХ-ын Тамгын газрын техникийн хэлтсийн дарга Ц.Борхүү  халдлагад өртсөн тухай эх сурвалж мэдээллээ. Тэрбээр өчигдөр өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарахдаа үл таних хоёр этгээдэд зодуулжээ. Нэлээд хүнд бэртэл авсан тул яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа юм байна. Ц.Борхүүг хэвтэрт ортол нь зодсон хоёр этгээд зугтсан бөгөөд одоогоор цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа аж.