Анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонссон этгээд  “Шинэ эхлэл” сургуулийн нээлтэд “баатрын” дүрээр оролцож байна.

Тодруулбал, олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчийн ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургуулийн захирал асан Л.Эрдэнэ 10 сая төгрөг хахуульд авсан хэргээр шалгагдаж, анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонсоод байгаа юм. Хахууль авсан, ажлаасаа түдгэлзүүлэгдсэн байх ёстой “Ялтан” хүн  эрдмийн баярт оролцож байгаа зураг  тус сургуулийн албан ёсны хуудсанд байна.

Л.Эрдэнэ нь 2018-аас 2019 оны хичээлийн жилийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтанд О.Н-ыг тэнцүүлсний төлөө хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс түүний ээж Н.О-с 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөгийн хахууль авсан байна. Энэ ажиллагаанд нь  Шинэ эхлэл сургуулийн  хамтран ажилладаг англи хэлний English Strom сургалтын төвийн захирал Г.Гантуяа оролцож хахуулийн хэргийг зуучилсан тухай бид сарын өмнө мэдээлж байв.

Энэ үйлдэлдээ Л.Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 10000 /арван мянга/ нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд давж заалдах шатны шүүх ч энэ шийдвэрийг хэвээр нь баталсан.  

Хэрвээ хэн нэг албан тушаалтан ийнхүү гэмт хэрэгт холбогдсон бол үүрэгт ажлаас нь түдгэлзүүлдэг. Ингэснээр дахин гэмт хэрэг гарахаас сэргийлдэг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хахуулийн хэргээр ял авч, нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсан этгээд үүрэгт ажлаа хийж байгаа нь өөрөө дахин хахууль авах  магадлалтай байгаа юм.

Хэдийгээр хүний гэм бурууг шүүхээс тогтоодог ч гэсэн Улсын дээд шүүхээр хэргийг эцэслэх хүртэл Л.Эрдэнээс өөр  “Шинэ эхлэл” сургуулийг тэргүүлээд аваад явчих хүн Монгол улсын боловсролын салбарт алга гэж үү БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ээ?

Энэ талаар албан эх сурвалжаас тодруулах гэхэд Нийслэлийн боловсролын газрынхан нь утcаа авдаггүй юм билээ.

Нөгөө талаас эцэг эхчүүд хүүхдийнх нь сургуулийг ял сонссон хүн удирдаж байгааг мэдвэл ямар асуудал гарахыг тооцоолсон болов уу?

Логикоор нь ч бодсон, хууль журмаа ч бодсон Л.Эрдэнэ гэх “этгээд” сургууль удирдах учир шалтгаан юу байгааг тайлбарлах хүртэл бид энэ талаар бичсээр байх болно.