Утсаар ярингаа ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинтай гар барьж буй залуугийн зураг өнгөрсөн хэд хоногт сошиалд шуугиан дэгдээсэн. Уг фотошоп буюу гэрэл зургийн эвлүүлгийг хийсэн гэрэл зурагчин, фотошопчин Х.Түшигтэй ярилцлаа.


-В.В.Путинтай гар барьж буй эвлүүлгээ хэзээ фэйсбүүкт тавьсан юм бэ?

-ОХУ-ын ерөнхийлөгчийг ирэхийн өмнө сэтгүүлчид “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудал дээр цуглаад хүлээж байх тэр үед хийсэн юм. Тэгээд өөрийнхөө фэйсбүүк дээр л пост болгож оруулсан. Шөнө нэг цагийн үед оруулсан пост шүү дээ. Тэр постыг оруулчихаад л унтчихсан.

-Тэгээд өглөө нь сэрээд фэйсбүүк рүү ортол ямар нөхцөл байдал угтав?

-Пост маань фэйсбүүкийн группүүдээр тарчихсан, бөөн сенсаци болчихсон байсан. Би тийм юм болно гэж ерөөсөө бодоогүй.

-Хүмүүсийн сэтгэгдэл таныг хямраасан нь ойлгомжтой. Уг нь та joke, enjoy (инээдэмтэй, тоглоомын, баясгах, хөгжилтэй гэх утгатай. сурв) хэв маягийн пост оруулсан шүү дээ?

-Манай нийгэм чинь яачихсан юм бэ. Уг нь joke, enjoy пост байсан шүү дээ. Хүмүүсийн яриад байдаг өнөө хар масс, хар хэсэг байдаг юм байна гэж ойлгосон.

-Та ямар салбарт ажилладаг вэ?

-Гэрэл зургийн салбарт, яг энэ чиглэлээр ажилладаг.

-Та сошиалд хар масс гэдэг хэсэг байдаг гэдэгт итгэдэггүй, мэддэггүй байжээ. Тиймдээ ч жокэ пост оруулаад хариуд нь асар их хар, муухай сэтгэгдэл уншина гэж төсөөлөөгүй байх?

-Би өөрийгөө гэгээлэг, гэрэлтэй хүмүүсээр хүрээлүүлдэг. Хар энергитэй хүмүүсээр хүрээлүүлэх дургүй. Фэйсбүүкт янз бүрийн хар энергитэй, ямар ч юмыг буруугаар ойлгож дайрч давшилж байдаг хүмүүс байдаг шүү дээ. Би тийм хүмүүсээс өөрийгөө үнэхээр сайн тусгаарлаж чадсан. Миний фэйсбүүкийн найзууд дунд дандаа гэгээлэг, эрч хүчтэй зүйл ярьж, бичдэг залуус байдаг юм. Би тэднийхээ л оруулсан постыг үздэг. Түүнээс биш тэр аймаар аймаар группүүд рүү ордоггүй, тэнд нь байдаггүй. Тэр хүмүүсийн хандлагыг өмнө нь мэдэрч байгаагүй. Сошиалд бол хүнийг яаж бол яаж л гутаах юм билээ. Хүссэн хараалаа л сэтгэгдэл хэсэгт бичдэг юм байна гэдгийг биеэрээ мэдэрлээ.

-Та байнга эвлүүлэг хийж фэйсбүүктээ оруулдаг биз дээ?

-Байнга. Бид байнга л элдэв янзын meme зураг эвлүүлдэг. Үүнийг дэлхийд Meme буюу enjoy, joke болгоод хөгжүүлчихсэн. Постны нэг төрөл.

-Энэ улсад ямар ч хүн, хэн ч бай үзэл бодлоо илэрхийлэх, хийсэн, бүтээснээ нийтэд дэлгэх харуулах эрхтэй. Энэ эрх нь уг нь нээлттэй л байгаа даа. Гэтэл таныг ажлаас нь хал, ал, зайлуул гэх мэтээр дайрцгаажээ. Оросыг шүтдэг, Оросоос айдаг нэг тийм айдастай хэсэг байгаа ч юм шиг?

-Би хүмүүсийн сэтгэгдлүүдийг эхлээд нэлээд уншсан юм аа. Миний постыг оруулсан групп дэх сэтгэгдлүүдийг дээрээс нь авахуулаад уншихад нэг зүйл анзаарагдсан. 40-50 нас гарсан хүмүүс, тэр насны хүмүүсийн масс байна. Харсан зүйлдээ шууд итгэдэг, юмыг тунгааж шүүх чадваргүй болчихсон гэмээр. Манай найзууд тэр постын дор сэтгэгдэл хэсэгт “Энэ бол эвлүүлэг. Энэ залуу өөрөө зурагчин, фотошопчин” гэж бичсэн байгаа юм. Гэтэл тэр хэдэн сэтгэгдлийг л олоод уншчихаж чадахгүй байгаа юм даа. Постыг нь тайлбартай нь уншчихсан мөртлөө, доошоо гүйлгээд сэтгэгдэл рүү нь ороод манай найзуудын тайлбарыг уншчихаж болоогүй юм байх даа гэж бодсон. Учир начрыг нь тунгаалгүй шууд л араас нь болох, болохгүй үгээр бөмбөгддөг юм билээ.

-Одоо таны сэтгэл санаа ямар байна вэ. Ойр дотныхон тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Эргэн тойрныхон “Одоо наадах чинь хэтэрчихлээ. Больсон нь дээр юм биш үү” гэцгээсэн л дээ. Тэгэх тусам нь би өөрийнхөөрөө хиймээр санагдсан. Эхний зургийн дараа дараалсан хоёр зургийг эвлүүлж оруулсан. Хүмүүс намайг доромжлох тусам би сөрөөд баймаар санагдсан. Миний инээд хүрээд байгаа байхгүй юу. Монголын масс нь даяараа яагаад ийм сонин болчихсон юм бэ. Миний постууд дандаа л хөгжилтэй, бусдыг баясгах, инээд бэлэглэх, хөнгөн жанрын хөгжилтэй байхыг хичээсэн өнгө аястай байдаг. Би хар, муу зүйл ерөөсөө постолж үзээгүй. Миний постнууд дунд нэг ч муухай пост байхгүй. Би гэрэл зурагчин хүн. Фэйсбүүктээ зураг оруулах болгондоо тухайн цаг үетэйгээ авцалдсан тайлбар хамт хийдэг. Тэгсэн чинь миний энэ удаад оруулсан эвлүүлгийг хүндээр хүлээж авч байгаа Монголын массыг нэгдүгээрт өрөвдлөө. Хоёрдугаарт, маш их гайхсан. Маш сонин масс энэ нийгэмд жин дардаг болчихсон юм байна.

-Залуу үеийнхэн нь харьцангуйгаар эвлүүлэг гэдгийг нь ойлгосон байх. Жинхэнэ фото зураг байна гэж итгэсэн хүмүүс их байжээ дээ?

-Итгэчихсэн залуу хүмүүс зөндөө байна. Жаахан хүүхэд, оюутнууд хүртэл байна. Арай хүндэвтэр тусгаж аваад хүнд сэтгэгдэл бичсэн хүмүүсийн фэйсбүүк рүү орж харсан л даа. Тэгтэл өөрийнхөө фэйсбүүк танилцуулга дээрээ том том гадаадын их сургууль төгссөн, өндөр боловсролтой хүмүүс байгаад байгаа байхгүй юу, харахад. Тэгсэн мөртлөө тэр хэлж байгаа үг, өгүүлбэр, хандлагыг нь хараад тэр хүн үнэхээр боловсролтой юу, үгүй юу гэдэгт нь эргэлзмээр. Ийм өндөр боловсролтой хүн тийм юм ярьж, бичиж байгаа гэхээр бусад нь ч дээ, арга ч үгүй юм даа гэж бодсон (инээв).

Тэр нэг яаж ч соёлжуулж гэгээрүүлж, аврахаасаа өнгөрсөн үе байна. Аврал байхгүй болчихсон. Нээрэн шүү. Одоо харин шинэ үеийн залуус, биднээс доош үеийн хүүхэд, залуус маань юмны учрыг мэддэг болчихмоор байна. Ядаж өөрийн сонирхож байгаа зүйлдээ цаг заваа гаргаад судалчихмаар байгаа юм.

Тэгэхгүй шууд л харснаараа, сонссоноороо дүгнэдэг тийм л сонин үе байна. Тэр үеийг бид зүгээр л нүдээ аниад хаямаар юм байна. Сонгууль өгдөг насны хүмүүсийн дийлэнх нь тийм насны хүмүүс эзэлдэг гэхээр ямар хүмүүсийг сонгож байгаа нь ойлгомжтой, ямар сонголт хийж байгаа нь ойлгомжтой. Залуучууд хэр барагтай сонгууль өгдөггүй. Тэгтэл сонгуульд саналаа идэвхтэй өгдөг насныхны байгаа байдал нь тийм царайтай. Зурагтаар хэнийг ч муулсан тэд тэрийг шууд 100 хувь хүлээж авна. Ямар ч эргэлзээгүй нийлээд муулдаг.