Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй 150 заалтаар санал хураалт явуулж буйгаас 60 орчим заалт үлдээд байна. 

Ээлжит бус чуулганы хуралдаан өчигдөр өглөө санал хураалтаар үргэлжилсэн боловч МАН-ын бүлэг зарчмын зөрүүтэй 10 багц асуудлаар байр сууриа нэгтгэхээр завсарлага авсан юм. МАН-ын бүлэг санал хураалтын үеэр парламентын хугацааг таван жил, гишүүдийн тоог 99 болгох, баялгийг төрийн нийтийн өмчид хамааруулах, шүүхийн байгууллагын хариуцлагын тогтолцоог сайжруулах, сонгуулийн тогтолцоог тодорхойлох зэрэг таван асуудлыг хойшлуулаад байсан. Үүн дээр нэмэгдээд Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх саналыг бүлгийн түвшинд дахин ярилцахаар болсон юм. Өнгөрсөн лхагва гарагт хоёрдугаар хэлэлцүүлгийн санал хураалтаар энэ санал унасан учраас бүлгийн гишүүдийн байр суурийг нэгтгэх шаардлага гарсан.

Үүнийг дагаад одоогийн үндсэн хуульд байгаа сайд нар УИХ-д ажлаа тайлагнах агуулгыг хасах санал, Ерөнхий сайдыг огцруулахдаа дараагийн Ерөнхий сайдын нэрийг хамтад нь өргөн барих зэрэг заалт хойшлоод байгаа юм.

МАН-ын бүлгийг талцуулаад буй Ерөнхий сайд танхимаа бүрэн хариуцах заалтаар гишүүд өөр өөрийн байр сурийг илэрхийлж буй.

• Баг хорооны Засаг даргыг аймаг, дүүргээс томилох төслийн заалтыг хасахаар тохирчээ.

• МАН-ын бүлгийн гишүүд зарим заалтаар нэгдсэн байр сууринд хүрч чадалгүй хэлэлцүүлгээ үргэлжлүүлэхээр болов. 

• МАН-ын бүлгийн гишүүд өөр өөрийн үнэлэмжээр санал өгөх болсноор олон заалт хэлэлцүүлгийн шатанд “унах” магадлалыг нэмэгдүүллээ.

АН-ын зүгээс Засгийн газрын өрийн дээд хэмжээг ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх заалтыг үндсэн хуульд тусгах санал гаргасан ч хэлэлцүүлгийн хоёрдугаар шатанд дэмжлэг аваагүй. Тэд энэ саналыг дахин хэлэлцэх хүсэлтийг МАН-ын бүлэгт хүргүүлсэн ч хүлээж аваагүй аж.

Харин МАН-ын бүлэг ийн хойшлуулсан 10 багц заалтаар байр сууриа нэгтгэхээр хуралдсан ч зарим асуудалд байр суурь нэгдэж чадалгүй завсарлагын хугацаа тулсан тул арга буюу чуулганы хуралдаанд орсон талаар гишүүд ярьсан. Харин бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, парламентын хугацааг таван жил болгох Ерөнхийлөгчийн саналуудыг дэмжихгүй байх нь зүйтэй гэж санал нэгдсэн байна. Мөн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх саналыг олонх нь дэмжсэн бөгөөд баг хорооны Засаг дарга нарыг аймаг, дүүргээс томилох асуудлыг энэ удаагийн өөрчлөлтөөр хөндөхгүй байхаар тохирчээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар гишүүд зарим асуудлаар шийдвэрээ гаргалаа. Тухайлбал төрийн албан хаагчтай холбоотой, Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томилдог байх, баг, хорооны даргыг томилох зэрэг асуудлаар бүлгийн шийдвэр гарсан. Бусад хойшлуулсан асуудлаар гишүүд итгэл үнэмшлээрээ саналаа өгөөд явах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ” гэв.

УИХ-ын гишүүдийн байр суурь энэ мэтчилэн эсрэг тэсрэг байгаа. МАН-ын бүлэг ч гишүүддээ өөрийн үнэлэмжээр санал өгөх “эрх”-ийг олгосноор олон заалт УИХ-ын 57 гишүүний дэмжлэг авч чадалгүй үндсэн хуулийн өөрчлөлтөөс хасагдах магадлалтай боллоо.

С.Бямбацогт

-Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах нь үндсэн хуулийн өөрчлөлтийн гол зорилгын нэг. Өнөөдөр Засгийн газрын сайд нарыг УИХ-аас томилж байгаа нөхцөлд парламентаас хараат сайд нар мэргэжлийн үүднээс салбарынхаа бодлогыг бие даан авч явах боломж бүрдэхгүй байна. Тиймээс сайд нар зөвхөн танхимын тэргүүнийхээ өмнө хариуцлага хүлээж салбарын ажлаа мэргэжлийн түвшинд хийх боломжийг олгох ёстой.

Ц.Даваасүрэн

-Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ өөрийн хамаатан, ойр тойрны хүмүүсийг сайдаар томилчихвол парламент хариуцлага тооцох боломжгүй болно. Мөн бүлэглэлийн нөлөөнд орох боломж бий болно. Тийм учраас би одоогийн байгаа хэлбэрийг хэвээр үлдээх саналтай байгаа. Сайд нар хууль бус зүйл хийгээд байвал хариуцлага тооцож, огцруулж чадахгүй хэмжээнд хүрнэ.

Ц.Гарамжав

-Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж өөрөө хариуцлагаа хүлээх энэ заалтыг дэмжиж байгаа. Одоогийн хуулиа бариад явахаар хоёр Ерөнхий сайдтай юм шиг нөхцөл үүсчихсэн. Хэлэлцүүлгийн явцад зарим гишүүн Ерөнхий сайдад эрх мэдэл олгох энэ заалт дээр өмнө байсан байр сууринаасаа буцаж байгаа нь иргэдээс гарсан саналтай холбоотой болов уу гэж харж байна.

Б.Баттөмөр

-Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилох хэлбэр парламентын засаглалтай орнуудад байдаг л зүйл. Энэ үүднээсээ УИХ-ын 62 гишүүн үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлдөө Ерөнхий сайдад эрх мэдэл өгөх тухай тусгасан. Гэхдээ Ерөнхий сайд Засгийн гарын гишүүдээ томилж, чөлөөлөх боловч УИХ-д танилцуулах ёстой. УИХ-ын гишүүд тухай сайдын ажлын төлөвлөгөөг сонсож, анхаарч ажиллах асуудлыг нь хэлдэг байх ёстой.