Тээврийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагуудаас гаргасан саналын дагуу замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор хэт ойрхон байрлалтай явган хүний гарцуудыг цөөлөх ажил эхэлжээ. Явган хүний ийм гарцууд хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлгөөний эрчимд сөрөг нөлөөтэй байдаг байна.

Тухайлбал, Саппоро 21 дүгээр хороолол, 25 дугаар эмийн сан, ТБД андууд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, Хүнсний-1, Монгол Улсын консерватори зэрэг газруудын хэт ойрхон байрлалтайн улмаас замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлдэг тул зарим газрын явган хүний гарцыг нүүлгэн шилжүүлж, засах ажлыг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар авто зам засвар арчлалтын компани хамтран хэрэгжүүлжээ.

Улаанбаатар хотод ойролцоогоор 400 гаруй явган хүний гарц байдаг ба  явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан явган хүний гүүрэн болон нүхэн гарц 9, гэрлэн дохиотой явган хүний гарц 46 байдаг. Энэ нь нийт явган хүний гарцны 16 хувийг эзлэж байгаа юм гэж Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар мэдээллээ.