Машинаа холдуулаагүйн улмаас гар буу гаргаж ирэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэрэг өчигдөр гарсан байна.

Тодруулбал өчигдөр 17:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт  “Их хар сүлд” гэх бичигтэй машинтай хүмүүс хүн рүү буу тулгаад байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн хаагчдыг очиж шалгахад “Их хар сүлд” харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай 25 настай эрэгтэй Э нь машинаа холдуулчих гэх шалтгаанаар иргэн Ө-тэй маргалдаж, хийн буу гаргаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулжээ.

Уг хэргийн ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд эд мөрийн баримтаар нэг буу, хоёр сумыг хураан авсан байна.