Манай улсад хүнсний аюулгүй байдаар сөхөөд ч нэмэргүй болж, бүүр хяналтаас гарсан бололтой. Нийтээрээ хоолны хордлогод орохгүй гэсэн баталгаа ч алга. Өнөөгийн нийгэмд найман сартай балчираас эхлээд наян настай буурай хүртэл хоолны хордлогонд орох өндөр эрсдэлтэй байна. 

Сургуулийн хүүхдүүдийн "Үдийн цай" нэрээр хордуулсаар байхад "томчуудынх хоолноос шавьж, жоом гарсан ч үл ойшоодог цаг үед бид амьдарч байгаагаа яах вэ.

Энэ сарын 05-ны өдөр болсон үйл явдлыг эргэн сөхвөл, 

Улсын тэргүүний 84-р сургуулийн School Police хийж байсан нэгэн аав сошиалд сурагчдад үдийн цайнд өгдөг таргийг зориулалтын биш саванд савлаж түгээдэг болохыг нийтэлсэн юм. Тодруулбал, сурагчдын үдийн цайнд өгдөг таргийг барилгын материалын хортой саваар зөөдөг  байсныг зургаар баримтжуулснаа оруулсан. Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу НМХГ-аас шалгалт хийжээ. 

Уг шалгалтаар  “Коко дисерт” ХХК барилгын материалын хортой саванд зөөдөг байсан нь нотлогджээ. Иймд үдийн цайнд сурагчдад өгч байсан зориулалтын биш савыг нь шинжилгээнд өгсөн байна. Түүнчлэн дээрх компанийн гэрээг цуцлах саналыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлж, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж буй. 

Тэгвэл зөөвөрлөж  ашиглаж байсан сав, таргийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэн нь эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байгааг тодоос тод харуулав. 

Мөн өчигдөр л гэхэд, иргэн Ч.Б- нь Япон хоолны рестарон болох "Нагоми"-д хоол захиалаад идэх гэж байхад тухайн хоолноос олон тооны шавьж илэрсэн үйл явдал гарлаа. Тус ресторан нь үйл ажиллагаа явуулаад 13 жил болсон аж. Гэвч олон жилийн туршлага гээч зүйл байдаггүй бололтой. 

“Таван Богд” Группийн охин компани  “Таван Богд Вашёкү”-гийн нэг салбар юм байна. Өмнө нь тус группийн  "KFC"-ээс олон хүн хоолны хордлого болон ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан удаатай. Тухайн үед шинжилгээний хариугаар уснаас нь өвчин үүсгэгч бактери илэрсэн  мөн хоёр ажилтан нь цусан суулга өвчний халдвартай мөртлөө эрүүл ахуйн бичгийг хуурамчаар хийж бичүүлсэн байсан тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөн бүтээгдэхүүний дээж, материалууд нь өвчин үүсгэгч бактеритай байсан нь нотлогдсон. 

Тэгвэл "Нагоми" ресторан нь хоолноос нь олон тооны шавьж илэрчихээд байхад "уучлалт гуйх" нь бүү хэл, өөрсдөөсөө асуудлыг түлхэжээ. Тодруулбал, иргэн Ч.Б-тай холбогдоход, би байнгын үйлчлүүлэгч. Өдрийн цайны цагаараа ороод хооллох гэтэл олон тооны шавьж гарч ирсэн. Ингээд тус рестораны зүгээс манайд бэлтгэн нийлүүлэгчийн буруугаас болсон байна гээд өөрсддөө хэр халдаагаагүй. Би маш их гомдолтой байгаа учраас мэргэжлийн хяналтад хандана" гэв.

Хоолтой холбоотой асуудал үүгээр ч зогсохгүй нь. Мөнгө л олж байвал бусдын эрүүл мэнд хийгээд амь нас падгүй цаг иржээ. “Фаунд таун” ресторанаас өдрийн хоол нийлүүлдэг “Уудам Монгол” ахлах сургуулийн 14 сурагч хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 13-р хороо, "Цэцээ гүн" сургуулийн байранд байрлах "Уудам Монгол" эдүкейшн ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлжээ.

Үүнээс 14 сурагч ХӨСҮТ -д хэвтэн эмчлүүлж, 5 сурагч гэрээр эмчлүүлж байна. БЗД дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж ажиллажээ.

"Уудам Монгол" сургуульд энэ сарын11-ний өдөр өдрийн хоолонд тахианы зутан шөл, үхрийн махан котлет олгогдож, нийт 103 сурагч, 9 багш, ажилтнууд хооллосон байна. Тус сургуулийн хоолыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ”Фаунд таун” ресторанаас гэрээний үндсэн дээр нийлүүлдэг болох нь тогтоогдлоо.

Хяналт шалгалтын явцад тус сургуулийн 6-11 дүгээр ангийн 4 хичээлийн танхимаас 15 арчдас, коридорт байрлах цэвэр усны төхөөрөмжийн уснаас дээж авч шинжлүүлэхээр НМХГ-ын Төв лабораторид хүргүүлсэн байна. Шалгалтаар хоолны дээж аваагүй, хоол хүнсийг хадгалалтын шаардлага хангахгүй нөхцөлд тээвэрлэн түгээж олгосон зөрчил илэрлээ. Хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.

Энэ мэтчлэн хоолны салбарынхан мөнгө л олж байвал хүний ходоонд юу ч хийхээс буцахгүй болжээ.