“…Аргаа барахдаа аавынхаа толгойг маажив” гэдэг үг бий. Түүн лүгээ ирэх сонгуулийн дүнг тольдсон МАН-ынхан ёстой л аргаа барж, юу ч хийхээс буцахыг болилоо.

Наадмын дараахнаас МАН-ынхан хоорондоо дахин үзээд эхэлсэн. Тэрийг нь “…Гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орохоор айсуй” гэж ярьсан. Тэднийх нь нэр ус ч тодроод эхэлсэн.

Нам, засгийнхаа толгойд заларч, эрх мэдэл албан тушаалын амтыг мэдрэхээр зүтгэсэн энэ ээлжинд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын 2-3 сайдын нэр явж байв. Тэд нь голлох үүрэгтэй, тэр ч бүү хэл нэг нь Г.Занданшатарыг унагаад оронд нь УИХ-ын дарга болно гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэх мэдээлэл нийтэд ил болсон юм.

 

 

Гэтэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нам, төрд том албан тушаал хашиж явсан арав гаруй хүнийг албан өрөөндөө цуглуулж “…УИХ-ыг тараая” гэж ярьсан тухай эх сурвалжууд мэдээлсэн. Бид ч нийтэлсэн. Тэрээр УИХ-ыг тарааж, арваннэгдүгээр сард ээлжит бус сонгууль явуулья, тэгээд бүгдээрээ дахин сонгогдъё гэж нөгөөдүүлдээ хэлсэн байгаа юм.

 

 

МАН-ын даргын саналыг М.Энхболд, Д.Хаянхярваа нар эсэргүүцэж бусад нь дэмжсэн юм даг уу даа.

Тиймээс үүнийгээ уржигдраас ажил хэрэг болгож эхэлсэн байна. МАН-ын генсек Д.Амарбаясгалан Төрийн ордонд байрлаж УИХ-ын гишүүдээ ээлжлэн дуудаж гарын үсгийг нь зуруулжээ. Уржигдар үдшийн 21:00 цагийн байдлаар 47 гишүүн гарын үсгээ зурсан байна. Хуулиар бол УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёр нь буюу 51, түүнээс дээш гишүүн гарын үсэг зураад хэлэлцэхэд тарах учиртай. Тэгэхээр 47 гишүүн гэдэг 51-т нэлээд ойртсон гэсэн үг. Тэр эрчээрээ бол өдийд бараг бүрдээд илүү гарчихсан биз ээ.

 

Хэрэв МАН үүнийг үнэнээсээ хүсч байгаа бол өнөө маргаашгүй УИХ өөрөө тарах асуудлыг санаачлагчид нь өргөн барьж таарна. Тэгээд УИХ тарна. Ээлжит бус сонгууль ч зарлагдана.

Хэрэв гэсний учир нь МАН-ын генсекийн ажилтай Д.Амарбаясгалан Төрийн ордонд суучихаад гарын үсэг цуглуулж байгааг хоёр талаас нь харж болох юм.

 

Нэгдүгээрт, У.Хүрэлсүхийн Засгийн газар одоогоос жил хоёр сарын өмнө унах шахсан. Санал тэнцэж, голд нь үлдсэн УИХ-ын бие даагч нэг гишүүнтэй маш том тохироо хийж Засгийн газраа авч үлдсэн гэдэг юм. Харин хоёр дахь нь наадмаас хойш байн байн цуглаж, санаа бодлоо ярьцгаах болсон танхимынх нь сайдын асар их оролцоотой “гуравдугаар ээлж”-ийнхнээс хамгаалахад хэцүү болж ирсэн. Тэд өргөн бариагүй л болохоос биш хүч нь хуралдчихаад байгааг Ерөнхий сайд, түүний эргэн тойрон дахь нөхдүүд мэдэж л таарна. Тиймээс Д.Амарбаясгалан гүйж очоод ингэж гарын үсэг зуруулж байгаа нь “…Засгаар оролдоод байвал УИХ-ыг тараачихна шүү” гэсэн сөрсөн базаа байх магадлалтай.

Тэгэхээр У.Хүрэлсүх Засгийн газраа унагахгүй, МАН-ын даргаасаа унахгүйн тулд өөрийнх нь эсрэг өндийж байгаа хүчийг сааруулах, дэмжих гишүүдийг өөртөө “наах” аргаар хийж буй сөрсөн алхам нь энэ байх магадлалтай.

Хоёрдугаарт, У.Хүрэлсүх МАН-ын даргын дараагийн сонгуульд намаа ялуулъя гэж чин сэтгэлээсээ хүсээд байж бас болно. Шадар сайдын хэлсэнчлэн “…Ямар аргаар хамаагүй ялах” арга нь ингэж сонгуулиас өмнө УИХ-ыг тарааж, ээлжит бус чуулганаар эргээд суудалдаа сууцгаая гэж шийдсэн бололтой.

 

Үнэнийг хэлэхэд хотын утаа арилахгүй, хавраас эдийн засаг иргэдийн халаасыг тэмтэртэл унана. Ийм нөхцөлд У.Хүрэлсүх яаж ч гоё яриад МАН дахин гарч ирэхгүй. Энэ бол бодит үнэн юм.

 

 

Ер нь бол Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх санаачилж, УИХ-ын дарга Г.Занданшатар дэмжээд, МАН-ын генсек Д.Амарбаясгалан гардан гүйцэтгэж байгаа УИХ-ыг бүрэн эрхийн хугацаанаас нь тарааж, “цаг бус”-аар сонгууль зарлана гэдэг бол төрийн дархлаанд, цаашилбал ард түмний сонгох эрхэнд шууд халдсан хэрэг юм.

 

 

Дахиад сонгогдвол дараагийн сонгууль бас л наашилна. Нэг чадсан юм, хоёр хийнэ гээд л дайрчихна. Явж явж энэ Монгол төрийн дархлаа тэнд Тусгаар тогтнолын ордны эздийн эрх ашгаас хамаардаг байж л таарахгүй.

Гэсэн хэдий ч энэ олон асуудлаараа бурантаглуулчихсан, бас дээрээс нь ирэх сонгуульд нэр дэвших эрхээ авахын төлөө юугаа ч өгч, юу ч хийхэд бэлэн байгаа гишүүд намын даргынхаа далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарахаас ч аргагүй л бололтой юм.

 

 

Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулга хэд хэдэн удаа “…Ийм УИХ тарах ёстой” гэж санал ч, шаардлага ч тавьж байсан юм. Тэгэхэд тараагүй. Дараа нь АН-аас, МАН-аас тус бүр нэг удаа “…УИХ таръя” гээд бусдаараа гарын үсэг зуруулж шоудсан. Ер нь бол энэ УИХ-ын гишүүд яаж ч байсан санаачилгаараа тарах хүмүүс биш. Гэтэл хэдхэн цагийн дотор сүргээрээ очоод Д.Амарбаясгалангийн барьж суусан бичиг дээр гарын үсэг зурсан нь анхаарал татаад байгаа юм.

 

 

 

Уг нь байдлыг бодитой харвал УИХ тарахад Ерөнхийлөгчийн хэлдгээр “Гэмтнүүдийн чуулбар”, Ерөнхий сайдын хэлснээр өнөөх муусайн “…Хулгайч, хүн амины хэрэгтэн, хүчингийн хэрэгтэн, , концесс-чин, ЖДҮ-чин” гишүүд нь шууд л баларна. Шоронд орно. Үнэнийг хэлэхэд маргааш сонгууль болсон ч энэ УИХ-ын нэлээд олон гишүүн дахиад сонгогдох магадлал маш бага билээ.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин