-ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА, ШҮҮХЭЭС ХЭРЭГ БУЦААХ ГЭДЭГ ХОЁР ЗААЛТЫГ ХУУЛИЙНХАН АВЛИГА АВАХ, ХЭРЭГ ЦАВЧИХДАА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ-

Хуульч Баттөмөрийн Энхбаяртай ярилцлаа.


-Та дэд сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банканд шалгалт хийж, 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн тухай мэдээлж байсан. Эдгээр хэрэг эхнээсээ хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдгээр хэрэгсэхгүй болж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна?

-2012-2016 оны үед эдийн засаг, улс төр, хуулийн агуулгаараа хамгийн их дуулиан болж яригдсан асуудал бол бондын зарцуулалт. Бондуудын зарцуулалт үр ашиггүй, авлига их байна. Хууль дүрэм үйлчлэхгүй байна, хоёр гурван төсөвтэй болсон байна гэх зүйлсийг маш их ярьсан.

Тухайн үед сөрөг хүчин байсан МАН ч их ярьж байсан. Тэр ч утгаараа 2016 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт бондын зарцуулалтыг шалгаж хуулийн хариуцлага ногдуулна гэдэг зорилт тавьсан.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч орсон. Засгийн газар дөнгөж байгуулагдсан даруй 2016 оны наймдугаар сард анх Хөгжлийн банкийг шалгасан. Тухайн үед дэд сайдын ажлаа аваад маргаашаас нь Хөгжлийн банкны шалгалтын ажлын хэсгийг ахалж ажилласан.

Монгол банк, Хууль зүйн яам, Эрүүгийн цагдаагийн газар, Сангийн яам, Мэргэжлийн хяналт зэрэг маш өргөн бүрэлдэхүүнтэй баг орж ажилласан.

Үр дүнд нь хууль эрх зүйн орчин ерөөсөө болохгүй байна гэж үзээд хууль эрх зүйн орчныг нь тэр дор нь бичээд өөрчилчихсөн. Тэгээд арваннэгдүгээр сард Хөгжлийн банкны хуулийг шинэчилж баталсан. Ингээд Засгийн газар, УИХ дээр шалгалтын дүнг танилцуулсан.

Хөгжлийн банк дээр үндсэндээ гурван их наядын зээлтэй холбоотой асуудал хөндөгдсөн. 1,500 гаруй аж ахуйн нэгжид олгосон зээл, түүний үр ашиг зарцуулалт гээд иж бүрэн хяналтын нэгдсэн шалгалт хийсэн.

Шалгалтын дүнгээр 1.3 их наядын дүн бүхий багц 19 зөрчлийг хууль хяналтын байгууллагаар дахин нарийвчилж шалгуулах шаардлагатай төдийгүй гэмт хэргийн шинжтэй гэж хуулийн байгууллагад шилжүүлсэн. Хуулийн байгууллагад шилжүүлснээс хойш гурван жил болчихлоо.

Энэ дотроос Амгалангийн станцтай холбоотой Эрчим хүчний сайд байсан Сономпил авлига авсан хэргээр анхан шатны шүүхээс ял авах шиг боллоо. Бусад нь үндсэндээ алга болчих шиг боллоо. Сая АТГ эдийн засгийн хөгжлийн сайд асан Батбаяр, УИХ-ын гишүүн асан Гарамгайбаатар нарт холбогдох хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болголоо гэж мэдээлсэн.

-Тухайн үед шалгалтын дүнг яагаад нууцалсан юм бэ?

-Би сүүлийн хагас жил энэ асуудлыг ярьж байна. Танай сонинд өмнө нь өгсөн ярилцлагадаа ч хэлсэн. Хэвлэл мэдээллүүдээр ч ярьж байгаа. Тухайн үеийн шалгалтын дүнг яагаад нууцалсан гэхээр санхүүгийн үзүүлэлт нь нь Хөгжлийн банк үндсэндээ дампуурсан гэсэн дүгнэлт гарсан. Хөгжлийн банкны эргэлтийн зээл нь гурван их наяд төгрөг.

Хөгжлийн банк гадаад эх үүсвэрээс нэн хөнгөлөлттэй байдлаар зээл авч дотоодоо санхүүжүүлдэг. Тэгэхээр дампуурсан гэх сигнал өгөхөөр нэгдүгээрт, гадаад нөхөд нь хөрөнгөө татаж эхэлбэл бүр хүнд байдалд орох гээд байсан. Хоёрдугаарт, манайх валютын сангийн хөтөлбөрт орох хэлэлцээр явагдаж байсан. Улс орноороо дампуурчих гээд болдоггүй.

Ийм санхүүгийн асуудалтай байсан учраас шийдвэр гаргагч нарт хаалттай байдлаар танилцуулахаас өөр аргагүй болсон. Хуулийн байгууллагад шилжүүлсэн зөрчлүүдийг нь нууцлаагүй. Тухайн үед би хэвлэлийн бага хурал хийж энэ талаар мэдээлж байсан.

-Бусад зөрчлүүд нь хуулийн байгууллагаар шалгагдаад явж байгаа юу?

-Би одоо ямар шатанд явж байгааг мэдэхгүй байна. Тухайн үед шалгалтын 150 гаруй хуудас эх материал болоод зөрчил дутагдлыг яагаад гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа дүгнэлтүүд илтгэх хуудас буюу 25 хүний гарын үсэг зурсан эх материалыг тэр чигээр нь шилжүүлсэн.

-Эдгээр зөрчлүүд эхнээсээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болох нь гэх хардлага байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны заалт хэргээс мултрахад нөлөө үзүүлж байгааг шүүмжилж байна л даа?

-Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгоно гэдэг хэргийг шууд хаана гэсэн үг. Мэргэжлийн хяналтынхны авлигын бичлэг гарснаар хөөн хэлэлцэх хугацаа болохгүй юм байна гэдгийг анзаарч эхэллээ.

Энэ хуулийг хэрэглэж байгаа мэргэжлийн хуульчид, шүүх, прокурор, мөрдөгч, байнгын мониторинг хийж байсан ажлын хэсэг байсан. Анх хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг илрүүлэнгүүт хэрэг үүсгээд зогсоодог, тоолохоо больдог байсан.

УИХ дээр шүүхийн шийдвэр гартал хөөн хэлэлцэх хугацааг тоолно болгоод өөрчилчихсөн. Тэгэхээр шалгаж байгаа хугацаа, шүүхийн процессууд явж байгаа хугацаа тоологдоод тэр хугацаанд нь хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад хэргүүд хэрэгсэхгүй болоод байгаа юм.

2017 оны зун энэ тухай хууль батлагдаад долдугаар сарын 1 -нээс нь хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Есдүгээр сард нь С.Бямбацогт сайд байнгын үйл ажиллагаа мониторинг хийх, дүгнэлт гаргах ажлын хэсгийг надаар ахлуулж байгуулж байсан.

Тэр ажлын хэсэг хамгийн эхэнд энэ зүйлийг өөрчилье гэдэг саналаа бэлтгэсэн. Х.Нямбаатар гишүүн 2018 оны хавар 400 гаруй хуульчдын зөвлөгөөнөөр үүнийг өөрчилье гэдэг саналыг хууль зүйн сайдад өгсөн одоо хүртэл өөрчлөхгүй байгаа талаар ярьж байсан.

Миний хувьд энэ хуулийг боловсронгуй болгох хуульд өөрчлөлт хийх ажлын хэсгийг яаман дээрээ ахалж байсан. 2018 оны хавар, зун нь бэлдээд сайдын ширээн дээр тавьчихсан төсөл байхгүй юу. Ганц хөөн хэлэлцэх хугацаа ч биш.

Засгаас 2016 онд боогоод өгчихсөн төслийг УИХ дээр өөрчилчихсөнөөс болоод асуудал гараад эхэлсэн. 2018 оны хавар л хөөн хэлэлцэх хугацааг засах төсөл бэлтгэгдсэн байсан гэхээр бүтэн жил хагас дарчихсан байна.

Дөнгөж өчигдөр л Ц.Нямдорж сайд УИХ-д хуулийн төслөө өргөн барьсан мэдээ гарлаа. Энэ хугацаанд өдөр бүр шахуу авлигын хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад байна. Эцсийн дүндээ шударга ёс ярих, авлига хээл хахуультай тэмцэх, ёс суртахууны ч улс төрийн ч эрхгүй болж хувирч байна. Ээлж дараагаараа нүдэн дээр хэрэгсэхгүй болж байна.

Энэ хуйвалдаанд хуулийнхан ч орж байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр хэн хэний ямар хэрэг хөөн хэлэлцэх хугацаа хэзээ дуусах гэж байгааг олон нийтэд нээлттэй хэлдэггүй. Нууж байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад хэрэгсэхгүй болчихсон гэж тайлбарладаг.

“Жаст”-ын Батхүүгийн хэрэг энэ сард хугацаа нь дуусна. Бараг хугацааг нь дуусгаж байгаад хуулийг нь өөрчлөх төслийг өргөн барьж байх шиг байна.

Үүний цаана хуйвалдаан байгаа гэж харж байгаа. Анхнаасаа зохион байгуулалттай хуулийг өөрчилсөн, Засгаас оруулж ирсэн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн, авлигачдад ашигтай болгож хувиргасан. Үүний үр дагавраар Хөгжлийн банкныхны хэрэг хэрэгсэхгүй болж байна. Мөнгөн дүн нь маш их шүү дээ. Мөн төмөр замынхны хэрэг хэрэгсэхгүй л болж байгаа байх.

Сая чуулган дээр “Жаст"-ын Батхүүгийн хэргийн ард Олон овоот-Алтан-Нямдорж гэсэн схем явж байна гэж ярьж л байсан. Зохион байгуулалттай их наяд төгрөгийн авлига албан тушаалтай холбоотой мөнгө идсэн хэргийг хэрэгсэхгүй болгох зорилготой хуулийнхан, улстөрчид, бизнесийнхэн оролцсон хуйвалдаан явж байна.

Энэ бол нэн ойлгомжтой болсон. Өнгөрсөн хавраас эхлээд хөөн хэлэлцэх хугацаа болохгүй байна өөрчлөх ёстой гээд яриад л байсан. Гишүүд, сайдууд нь зүгээр яриад л байгаа байхгүй юу. Үйлдэл хийхгүй.

-Хөгжлийн банктай холбоотой зөрчил илрүүлсэнтэй холбогдуулан гишүүд таныг дарамталж байсан гэдэг?

-Хөгжлийн банкийг шалгасны дараа чамайг намынхнаар чинь зайлуулна гэж занаж байсан нь биеллээ оллоо гэж танай сонинд ярилцлагадаа хэлж л байсан.

Тэр хүмүүс хүнээ явуулчихсан, хэргээ хэрэгсэхгүй болгочихсон юм чинь тэд одоо ялчихсан л с байгаа биз дээ.

-Хөгжлийн банкны зөрчлүүдийг нууцаас гаргаж ил тод мэдээлэхэд гацаагаад байгаа зүйл юу гэж та харж байна вэ?

-Засгийн газар хүссэн хэргээ нууцаас гаргаад байгаа биз дээ. Ц.Нямдорж сайд өөрөө улсын нууц задалсан.

Цензургүй ярианд орохдоо нууц шүүхийн шийдвэрийг камерын өмнө гаргаж уншаад Монгол Улсын тагнуулын гүйцэтгэх ажилтны нэрийг зарлачихсан.

Ингээд өөр дээр нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэгэнгүүт нөгөө шүүхийн шийдвэрийг улсын нууцаас гаргах Засгийн газрын 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар тогтоол оруулаад өөрөө ял авахгүйн тулд нууцаас гаргачихсан.

Мань мэт Хөгжлийн банкны дүнг ил ярьсан бол бариад шоронд хийчихнэ шүү дээ. Тийм учраас Хөгжлийн банкны шалгалтын дүнг нууцаас гарга гээд байгаа юм. Одоо тэнд нууцлаад байх юм байхгүй.

-Шүүхээс хэрэг буцаадаг заалтын тухай та ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний хувьд анхнаасаа шүүхээс хэрэг буцаадаг байх ёсгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байсан. 2002 онд Эрүүгийн хууль батлагдаж байх үед УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх байсан.

Тэр үед шүүхээс буцаах ёсгүй гэх дүгнэлтийг байнгын хороонд өгч байсан. Байнгын хороон дарга Ц.Шаравдорж их дэмжиж байсан. Гэвч УИХ хүлээж аваагүй. 2015 онд шинэ Эрүүгийн хууль батлагдахад шүүхээс буцаадаг болгочихсон байсан.

2014 онд Х.Тэмүүжин сайд байхдаа шүүхээс хэрэг буцаадгийг нь хасаад өргөн барьсан юм билээ. Тэрийг нь эсэргүүцээд батлуулаагүй буцаасан. Дараа нь Д.Дорлигжав сайд болоод шүүхээс хэрэг буцаадаг заалтыг оруулж батлуулсан юм билээ.

Батлагдсаны дараа 2016 онд манай нам Засгийн эрх аваад би боловсронгуй болгох заалтыг яам дээрээ ахалж, шүүхээс буцаадаг байж болохгүй гэж үзэж байсан.

Шүүхээс хэрэг буцаадгийн цаана хуулийн мафи байдаг. Хуулийн мафи гэдэг нь хэргийг алга болгодог, шантааж хийдэг, хонгил үүсгэдэг, авлига аадаг боломжтой хууль эрх зүйн тогтолцоо байна гэсэн үг. Тийм учраас хуулийн мафийг нэн тэргүүнд хуулиар нь устгах ёстой.

Мөн хуулийнхны маш том хуйвалдаан үүсгэчихдэг. Шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгчдийн хооронд хуйвалдаан үүсгэчихдэг.

Ингээд хэргээ зунгааралдуулна. Шүүхээс хэргийг мөрдөн байцаалт руу буцаалгаж байгаад мөрдөн байцаалтаас нь хэргийг хэрэгсэхгүй болгочихдог, дахиж шүүх рүү нь оруулахгүй.

Энэ хуйвалдаанд шүүгч, прокурор, мөрдөгч бүгд оролцдог. Авлигын сүлжээ үүсгэдэг заалт. Мөрдөн байцаалтад буцаадаггүй байх ёстой зарчим нь эрх зүйт тогтолцоотой, шударга шүүхийн тогтолцоотой бүх улсад байдаг ердийн зарчим.

Манай Үндсэн хуульд байгаа зарчим. Үндсэн хуульд хоёр зарчим бичиж егсөн байдаг. Нэгдүгээрт, гэмт хэрэг шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт буруутайд тооцож үл болно. Энэ зарчим шүүгч нарт өөрсдөд нь хамаатай байдаг.

Шүүгч хүн гэмт буруутай гэх шийдвэр гаргах хүртлээ хэн нэгнийг урьдчилж гэмт хэрэг үйлдсэн гэж ерөөсөө дүгнэж болохгүй гэдэг зарчим. Шүүхээс хэрэг буцаагаад байна гэдэг нь энэ бол хэрэг үйлдэх,нь үйлдсэн байна. Гэхдээ прокурор сайн нотолж чадаагүй байна.

Мөрдөгч дутуу ажилласан байна. Дахиж энэ хүний хэргийг найдвартайгаар нь боогоод ир гэсэн үг. Үнэхээр мөрдөгч, прокурор тэр хүнийг нотолж чадаагүй бол хэргийг нь хэрэгсэхгүй болгох ёстой. Нотлогдсон бол яллаад явах хэрэгтэй. Хоёрхон сонголт байдаг.

Гурав дахь сонголт гаргаж ирчхээд байгаа юм. Намайг ажлаа авч байх үед шүүхэд шилжиж байгаа 10 хэрэг тутмын нэг нь буцдаг байсан. Үүний цаана авлига байна гэдэг нь ойлгомжтой.

Бөөн хэл ам болж байж шүүхээс буцаадгийг авч хаясан. Тухайн үед хууль зүйн байнгын хороо 100 хувь буцаадаг байх ёстой гэж байхад миний хувьд гишүүдэд “лобби” хийнэ гэх юм уу буцаадаг байж болохгүй гэдгийг тайлбарлаж байсан.

Бүлгийн хаалттай хурал дээр Ц.Нямдорж сайд Энхбаярыг зайлуул, гишүүдэд лобби хийгээд буцаадаг заалтыг байхгүй болгоод яваад байна гэж ярьж л байсан. Энэ тал дээр хамгийн харшилдсан хүмүүс шүүхийнхэн.

Тэр дотроо Улсын дээд шүүх. Анхан болон давж заалдах шатныхан маш зөв гэж үзсэн. Шүүхээс буцаадаг заалт байсан үед дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүгч нарт чиглэл өгөөд байсан.

Энэ хэргийг ингэж шийд, шийдэхгүй бол буцаана шүү гэх мэтээр албан бусаар чиглэл егөөд байгаа талаар ярьж л байсан. Хэнээс ч хараат бусаар хэргээ шийддэг болох нь гээд анхан, давж заалдах шатны шүүгчид баяртай байсан.

Надад олон хүмүүс баярлалаа гэж байсан. Өнгөрсөн хавар Дээд шүүхийнхэн лоббидсоор байгаад шүүхээс хэрэг буцаадгийг дахиад хуульд оруулчхаж байгаа юм. Хэнд ашигтай гэхээр дээд шүүхийн шүүгчдэд ашигтай. Авлига авдаг гол нүх нь.

Маш тодорхой жишээ хэлэхэд, хүргэн Дэнзэнгийн 17 тэрбумын хэрэг Улсын дээд шүүхээс хууль бусаар мөрдөн байцаалтад буцаагаад хэрэгсэхгүй болсон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гэм буруутай гэж үзээд хорих ял өгсөн байхад дээд шүүх хууль зөрчиж мөрдөн байцаалтад буцаачихсан.

Ингээд нөгөө хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болчихсон. Хөөн хэлэлцэх хугацаа, шүүхээс хэрэг буцаах гэдэг хоёр заалт хуулийнхны авлига авах, хэрэг цавчихдаа хамгийн их ашигладаг гол хоёр заалт.

Энэ хоёр заалтыг хууль тогтоогчид амилуулчхаж байгаа юм. Шүүх прокурорынхныг хараагаад хэрэггүй. Энэ хүмүүс хүчин төгөлдөр хууль л хэрэглэнэ.

Мөн энэ хүмүүсийн үгэнд орж хууль хийгээд байж болохгүй. Ерөнхий суурь зарчмаа барьж хууль хийх ёстой. Үүний гор гарч байна л даа. Өдөр тутам шүүхээс хэрэг буцлаа гэдэг л мэдээ сонсож байгаа. Яагаад гэхээр шүүгчид хэрэг шийдэж чадахаа больчихсон. Олны анхаарлын төвд байгаа хэргүүдийг буцааж байгаа нь өөрөөсөө зайлуулж байна гэсэн үг.

Шүүгчийн шийдвэр заавал олон түмэнд таалагдах албагүй. Хуулиа бариад шударгаар л шийдэх хэрэгтэй. Авлигын хэрэг амархан хэрэг биш. АТГ-ынхан маш удаан хугацаа зарцуулж байж нэг хэрэг илрүүлдэг.

Арай гэж илрүүлсэн хэргийг нь прокурор дээр зунгааралдуулаад шүүхээс буцаадаг. Хамгийн гол нь өөр дээр нь хэрэг нь ирдэггүй. Зургаан сарын өмнө шүүхээс буцаасан хэрэг нь ирдэггүй. Тиймээс АТГ-аас бичлэг үзүүлж байгааг зөв гэж бодож байгаа.

Хүмүүс АТГ-ынхан ажлаа хийхгүй байна гэдэг. Асуудал нь хуулиасаа болж байгааг ойлгохгүй байна. Өнгөрсөн хавар УИХ дээр шүүхээс буцаадаг заалтыг сэргээх үед улсын ерөнхий прокурор маш тодорхой байр суурь илэрхийлсэн. Шүүхээс буцааж болохгүй, харин ч хариуцлагатай ажиллаад эхэлж байна гэж хэлж л байсан. Ингэж хэлээд байхад нь буцаагаад сэргээчхэж байгаа юм. Тиймээс УИХ нэн даруй засах хэрэгтэй. Тэгэхгүй бол Үндсэн хууль гурван cap ярьж байх хооронд Хөгжлийн банкны хэрэг хэрэгсэхгүй болчхож байна.

-Авлига, албан тушаалын хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацаа байх ёстой юу?

-Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2016 онд Засгийн газраас өргөн барьсан заалтаар байлгах ёстой. Гэмт хэргийг илрүүллээ, эрүүгийн хэрэг үүсгэлээ, хөөн хэлэлцэх хугацаа зогсох ёстой. Гэмт хэрэг хийснийг илрүүлчихсэн байхад ямар ч хугацаагаар шалгаж болно.

Шүүхийн шийдвэр гарсан гээд өөрчилчихөөр шалгаж байх хугацаа чинь хөөн хэлэлцэх хугацаандаа тоологдоод дуусчихаад байгаа юм Ялангуяа авлига албан тушаалын хэрэг томоохон учраас жилээс дээш хугацаагаар шалгана. Энэ хооронд хугацаа нь дуусчихаад байна. Огт хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгож болохгүй л дээ. Харин авлига албан тушаалын хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацаа тоолдгийг болимоор юм билээ.