Сүүлийн жилүүдэд манай иргэдийн дунд цагаан тахал буюу хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх тохиолдол ихээхэн нэмэгдэж байгаатай зэрэгцэн хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлж хууль бус уг үйлдлийг таслан зогсоох ажлыг үргэлжлүүлсээр байна.

Тодруулбал, өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 19-20 шилжих шөнө нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нэгэн зочид буудлын гаднаас олны танил дуучин гэгдэх А-г мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь барьж саатуулжээ. Одоогоор энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх газар шалгаж байгаад бөгөөд хэргийн талаар тодруулсан боловч хэргийг шалгаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар А гэгдэх дуучин нь Б.Амархүү хэмээн яригдаж байна.  Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулж байгаа аж. Түүнийг нэгэн зочид буудлын гадаа автомашины зогсоол дээр автомашиндаа байхад нь баривчилсан гэх мэдээлэл ч ирлээ. 

Цагаан тахал гээч хар тамхи, мансууруулах бодисний хэрэглээ сүүлийн үед ихээр гарч, үүнд олны танил хүмүүс ихээр холбогдож байгаа нь залуу үеийн төлөөлөлд ч ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Тиймээс залуус та бүхэн энэ мэт гэмт хэргээс урьдчилан сэргийлж, ирээдүйдээ хар толбо үлдээхээс сэргийлээрэй.